“Хүнсний аюулгүй байдал ба бичил биетний эсрэг эмийн тэсвэржилт – Нэг эрүүл мэнд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдлаа.
Жил бүрийн 11 дүгээр сарын 18–24-ний өдрийг Бичил биетний эсрэг эмийн тэсвэржилтийн талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх дэлхийн долоо хоног”-ийн хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал боллоо.
Тус хурлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хэрэгжүүлж буй Олон талт итгэлцлийн сангийн санхүүжилттэй “Бичил биетний эсрэг эмийн тэсвэржилт болон эмийн хэрэглээг Нэг эрүүл мэндийн арга барилаар зохицуулах нь” төсөл, Монголын хүнсчдийн холбоо хамтран зохион байгуулав.

Хурлын үеэр бичил биетний эсрэг эмийн тэсвэржилтийн чиглэлээр хийгдэж буй эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн, ашиглаж буй аргачлал, тандалтын өнөөгийн байдал болон тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ.
Цаашид судалгаа, тандалтын тогтолцоог бэхжүүлж, судалгааны үр дүнг бодлого боловсруулах, нотолгоонд суурилсан шийдвэр гаргах үйл явцад ашиглахын ач холбогдлыг онцлов.
Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт 2021 оны үед бичил биетний эсрэг эмийн тэсвэржилтийн чиглэлийн тандалт, судалгаа харьцангуй хязгаарлагдмал байсан бол сүүлийн жилүүдэд энэ чиглэлийн үйл ажиллагаа өргөжиж байна.
Дэлхийн нийтийн эрүүл мэндэд тулгамдаж буй томоохон сорилтуудын нэг бөгөөд “чимээгүй цар тахал” хэмээн нэрлэгддэг бичил биетний эсрэг эмийн тэсвэржилтийн эрсдэлийг бууруулахад хүн, амьтан, ургамал, хүрээлэн буй орчны эрүүл мэндийг цогцоор нь авч үздэг “Нэг эрүүл мэнд” арга барил, шинжлэх ухааны нотолгоонд суурилсан судалгаа, тандалт чухал үүрэгтэйг хурлын үеэр онцоллоо.