Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ, Төрийн захиргааны удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Баярсайхан нар БНСУ-ын Чүнчоннам-до мужийн Чонан хотын Хөдөө аж ахуйн бодлогын хэлтсийн дарга Пак Жэ Ун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтад БНСУ-ын дэвшилтэт фермерүүдийн холбооны тэргүүн бөгөөд “Ногоон Нунсан” хөдөө аж ахуйн холбооны корпорацын ерөнхийлөгч Ким Кёнхван, “Пуруми Фермерүүд” корпорацын Вон Самён, Солонгосын усан үзмийн холбооны тэргүүн Пак Ёнха, Чонан хотын Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн түгээлтийн багийн дарга У Сегван, Хөдөө аж ахуйн хоршооны ерөнхий менежер Сун Гичан, Солонгосын Цахилгааны аюулгүй ажиллагааны корпорацын ерөнхийлөгч Хун Сончан, “KOREA MIURA” компанийн менежер И Мангвон нар оролцов.

Уулзалтыг нээж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Монгол Улс хөдөө аж ахуйн арвин нөөц, өргөн боломжтой орны хувьд дотоодын хэрэгцээгээ хангахаас гадна хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулалтыг нэмэгдүүлж, экспортыг хөгжүүлэхийг тэргүүлэх чиглэлийн нэг болгон ажиллаж байгааг онцоллоо.

Тэрбээр энэ хүрээнд БНСУ-ын хөдөө аж ахуйн салбарт нэвтрүүлж буй дэвшилтэт технологи, инноваци, өндөр бүтээмжтэй үйлдвэрлэлийн туршлагатайг дурдаж хоёр улсын давуу талын уялдуулан ажиллах боломж нээлттэй бөгөөд хувийн хэвшлүүдтэй хамтран ажиллах чөлөөтэй талаар яриандаа тэмдэглэв.

БНСУ-ын төлөөлөгчид Чонан хот болон Чүнчоннам-до мужийн хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн нөхцөл байдал, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, фермерүүдийн холбоо, хоршоо болон хувийн хэвшлийн байгууллагуудын талаар танилцуулж, Монголын талтай хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ.

Мөн төлөөлөгчид Монгол Улсад хийж буй ажлын айлчлалаа ийнхүү үр дүнтэй уулзалтаар эхлүүлж, халуун дотноор хүлээн авч байгаад талархал илэрхийлэн, айлчлалынхаа хүрээнд Монголын хөдөө аж ахуйн салбарын онцлог, хэрэгцээ шаардлагатай танилцаж, хоёр талын хамтын ажиллагааны боломжуудыг газар дээр нь судлан, цаашид хэрэгжүүлэх боломжтой чиглэлүүдийг тодорхойлох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Уулзалтын үеэр талууд хөдөө аж ахуйн технологи, фермерийн аж ахуй, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, боловсруулалт, түгээлт, хоршоолол болон бусад чиглэлээр санал солилцож, харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх талаар ярилцав.

By admin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн