Ерөнхий сайдын дэвшүүлсэн “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд зөвшөөрөл, мэдэгдлийн тогтолцоог боловсронгуй болгох, төрийн хүнд суртлыг бууруулах, бизнес эрхлэхэд тулгарч буй захиргааны саадыг арилгах зорилготой “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын зөвшөөрөл үйлчилгээ арга хэмжээ” өнөөдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Зөвшөөрлийн мэдээлэл үйлчилгээний нэгдсэн төв”-д зохион байгуулагдлаа.
Арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц. Болорчулуун, Эдийн засаг, хөгжлийн яамны Төр, хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга Т. Баясгалан нар нээж үг хэллээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Болорчулуун нээлтийн үгэндээ хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар нь хүнсний хангамж, аюулгүй байдал, малын эрүүл мэнд, малын генетик нөөц, газар тариалан, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, боловсруулах үйлдвэрлэл зэрэг нийгэм, эдийн засгийн чухал асуудлыг хамардаг. Ийм өргөн хүрээтэй салбарт төрийн зохицуулалт зайлшгүй шаардлагатай хэдий ч энэ нь иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хүндрэл учруулах бус, харин эрсдэлийг бууруулж, үйлдвэрлэл, бизнесийн хөгжлийг дэмжихэд чиглэх ёстойг онцлов.
Түүнчлэн өнөөдрийн байдлаар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хэмжээнд мэдэгдлээр 1, тусгай зөвшөөрөл 11, энгийн зөвшөөрөл 9 олгож байна. Үүнээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 10 тусгай, 4 энгийн зөвшөөрөл, Мал эмнэлгийн ерөнхий газар 1 тусгай, 2 энгийн зөвшөөрөл, мэдэгдлээр эрхлэх 1 төрлийн үйл ажиллагаа, Ургамал хамгааллын газар 1 тусгай зөвшөөрөл олгож байна. “Чөлөөлье” санаачилгын хүрээнд зөвшөөрлийн тогтолцоог шинэчлэх ажил нь зөвхөн зөвшөөрлийн тоог бууруулах асуудлаар хязгаарлагдахгүй. Харин төрийн үйлчилгээний хүртээмж, ил тод байдлыг нэмэгдүүлэх, шийдвэр гаргах хугацааг богиносгох, иргэн, аж ахуйн нэгжид тавигдах шаардлагыг ойлгомжтой, тогтвортой болгох цогц шинэчлэл байх учиртайг мэдээлэв.
Эдийн засаг, хөгжлийн яамны Төр, хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга Т.Баясгалан тус арга хэмжээ нь салбарын жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, ойлгомжтой, шуурхай хүргэх, тэдэнд тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар санал солилцож, шийдвэрлэх арга замыг хамтран тодорхойлоход чиглэж буйг дурдлаа.
Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд эрсдэл багатай зарим төрлийн үйл ажиллагааг зөвшөөрөл авахгүйгээр, мэдэгдлийн үндсэн дээр эрхлэх боломжийг бүрдүүлж, зөвшөөрлийн тогтолцоог хялбаршуулах эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд яам болон харьяа байгууллагууд зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хууль тогтоомжид нийцүүлэх, цахим системийн бүртгэл болон зөвшөөрөл олгох үйл явцыг хялбаршуулах, шийдвэрлэх хугацааг богиносгох чиглэлээр ажиллаж байна. Зөвшөөрлийн шинэчлэл нь зөвхөн зөвшөөрлийн тоог бууруулахаас гадна иргэн, аж ахуйн нэгжийн цаг хугацаа, зардлыг хэмнэж, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэж байна.
Танилцуулгын эхэнд Эдийн засаг, хөгжлийн яамны Бизнесийн орчны бодлогын газрын ахлах мэргэжилтэн Л. Бат-Эрдэнэ “Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн гол өөрчлөлт, нэгдсэн сангийн журам”, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын Хууль, эрх зүйн газрын ахлах мэргэжилтэн Н. Бүжинлхам “Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилт болон анхаарах асуудал”, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хуулийн хэлтсийн дарга Ч.Раднаабазар “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын зөвшөөрөл, тавигдах шаардлага” сэдвээр мэдээлэл танилцууллаа.
Үргэлжлүүлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийн газрын Зээл, төслийн газрын дарга Н.Энхтөр “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарын төрийн үйлчилгээ, цахимжуулалт”, Санхүүгийн мэдээллийн технологийн төв УТҮГ-ын ахлах мэргэжилтэн А.Ундрал “Зөвшөөрлийн цахим системийн боломж, өөрчлөлт”, Ургамал хамгааллын газрын ургамал хамгааллын бүтээгдэхүүн хариуцсан мэргэжилтэн Г.Азжаргал “Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилт”, Мал эмнэлгийн газрын улсын байцаагч Т.Нарангэрэл “Мал эмнэлгийн газраас олгож буй энгийн болон тусгай зөвшөөрөл” Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Нийтийн мэдээллийн дэд бүтэц, нээлттэй өгөгдлийн газрын дарга Б.Баяртуяа “Зөвшөөрлийн цахим системийн хэрэгжилт ба ашиглалт” сэдвээр тус тус танилцуулга хийв.
Танилцуулгын дараа оролцогчид зөвшөөрөл олгох үйл ажиллагаа, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, цахим системийн ашиглалт болон төрийн үйлчилгээ авахад тулгарч буй асуудлаар асуулт асууж, санал хүсэлтээ илэрхийлэн, харилцан мэдээлэл солилцлоо.
Тус арга хэмжээ 2026 оны 11 дүгээр сарын 16–20-ны өдрүүдэд буюу энэ долоо хоногийн турш үргэлжилнэ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар болон Ургамал хамгааллын газар, Мал эмнэлгийн ерөнхий газруудаас олгох зөвшөөрөл, төрийн үйлчилгээ, цахимжилт, анхаарах асуудлаар холбогдох яам, агентлагийн албан хаагчид иргэн, бизнес эрхлэгчдэд зөвшөөрөлтэй холбоотой хууль тогтоомж, шаардлагын талаар зөвлөгөө, мэдээлэл өгч, санал хүсэлтийг хүлээн авч ажиллана..
Арга хэмжээний хүрээнд ирүүлсэн санал, хүсэлт, хөндөгдсөн асуудлуудыг нэгтгэн дүгнэж, холбогдох байгууллагуудын цаашдын үйл ажиллагаанд тусгах, шаардлагатай арга хэмжээг тодорхойлоход ашиглана. Ийнхүү сургалт, хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтийг цаашдын бодлого, үйл ажиллагаатай уялдуулж, зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн бодит арга хэмжээг хэрэгжүүлэхэд анхаарах юм.