ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М. Дондогдорж Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас (ОУХБ) ноос, ноолуурын салбарт хэрэгжүүлж буй “Аж ахуйн нэгж, байгууллагын бүтээмж, өрсөлдөх чадвар, засаглалыг бэхжүүлэх” (SCORE) хөтөлбөрийн 2026 оны үр дүнг танилцуулах, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын хэлэлцүүлэгт оролцож салбарын бодлого, үйл ажиллагааг танилцуулсан. Хэлэлцүүлэгтэй холбоотой асуудлаар тэрбээр мэдээлэл өглөө.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас (ОУХБ) ноос, ноолуурын салбарт хэрэгжүүлж буй “Аж ахуйн нэгж, байгууллагын бүтээмж, өрсөлдөх чадвар, засаглалыг бэхжүүлэх” (SCORE) хөтөлбөрт 10 ААН нэгж хамрагдаж үр дүнгээ танилцуулж байна. Хөтөлбөрт хамрагдсан ААН-үүдийн үйлдвэрлэлийн бүтээмж, бүтээгдэхүүний чанар, хөдөлмөрийн нөхцөл, ажлын байрны хамтын ажиллагааг сайжруулахын зэрэгцээ залуу ажилтнуудад ээлтэй ажлын байр бий болгох чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээ, хүрсэн бодитой үр дүн гарсан байна.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2024–2028 онд ноолуурын бүрэн боловсруулалтын түвшнийг 20 хувиас 40 хувьд, экспортын орлогыг 398 саяас 690 сая ам.долларт хүргэж, 3,000 гаруй шинэ ажлын байр бий болгох зорилт тавин ажиллаж байна. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, технологийн шинэчлэлээс гадна мэргэшсэн хүний нөөц, хөдөлмөрийн бүтээмж, бүтээгдэхүүний чанар шийдвэрлэх ач холбогдолтойг тэмдэглэв.
Бид залуучуудыг зөвхөн ирээдүйн ажиллах хүчин бус, Монголын хөнгөн үйлдвэрийн технологийн шинэчлэл, инновац, бүтээмжийн өсөлт, ногоон шилжилтийн хөдөлгөгч хүч гэж харж байна. Цаашид SCORE хөтөлбөрийн сайн туршлага, залуучуудын ажлын байрны дадлага, инновацын санаачилгыг “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний зорилтуудтай уялдуулан, илүү олон аж ахуйн нэгжид түгээн дэлгэрүүлэх нь чухал юм.