ХХААХҮЯ-наас санаачлан “Атрын IV” Тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хүрээнд “Нутагтаа эзэн 100:1000” төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төсөлд хамрагдсан говийн бүсийн баг, сумын малчид ногоон тэжээлээ хурааж авахад бэлэн болжээ.
Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын “Рашаант”, “Тэнгэлэг” бригадын 17 өрх нийлж нөхөрлөл байгуулан, ХХААХҮЯ болон “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-ийн дэмжлэгтэйгээр 50 га талбайд ногоон тэжээл тариалжээ. Ирэх долоо хоногоос ургацаа хурааж авахаар бэлтгэлээ базааж байна. Малчдын хувьд ногоон тэжээл тариалах боломжтой гэдгийг энэ жилийн тариалалтын үр дүнгээс харсан тул ирэх жил илүү туршлагажиж, илүү арвин ургац авахыг хичээнэ гэдгээ ярьж байлаа. Малчид өмнө нь өвөлжөө бууцныхаа хөлд бага хэмжээний ногоон тэжээл тарьж туршиж байсан бол энэ жил ийнхүү “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд анх удаа 50 га талбайд тариалж, амжилттай ургуулжээ.
“Нутагтаа эзэн 100:1000” төслийг амжилттай хэрэгжүүлж буй Эрдэнэдалай сумын хувьд малын тоогоор улсдаа хоёрдугаарт ордог. Малын тоо толгой өссөн, байгаль, цаг уурын хүндрэл ган, зудын давтамж ойртсон зэрэг олон шалтгаанаар Дундговь аймгийн нийт нутагт бэлчээрийн даац хэтэрч, хөрс, ургамал доройтжээ. Тиймээс уламжлалт нүүдлийн мал аж ахуйд олон бэрхшээл, сорилт тулгарах болсний нэг нь отор нүүдэл. Дундговийнхон хөрш зэргэлдээ Өвөрхангай, Төв болон Хэнтий, Говьсүмбэр аймгийн нутаг руу отор нүүдэл хийдэг.

Малчид хошуу будаа, улаан буудай, судан өвс зэрэг ургамлыг тариалж, ногоон тэжээлээ өөрсдөө бэлтгэдэг болсноор малаа онд тарган оруулж, цаг хүндэрсэн үед отор нүүдэл хийлгүйгээр нутагтаа өвөлжиж, хаваржих боломжтой болно. Малын чанар сайжирч, ашиг шим нь нэмэгдэж, эдийн засгийн үр өгөөж нь дээшилнэ. Түүнчлэн малчдын нийгмийн асуудлууд ч шийдэгдэнэ.
“Дундговь аймаг хадлангийн бэлчээргүй учир хамгийн ойрдоо 300 гаруй километр алсаас, хангайн бүсийн аймгуудаас өвсөө татдаг. Боодол өвс намар 15-16 мянган төгрөг байдаг ч хавар 20 мянган төгрөгийн үнэтэй болдог. Ногоон тэжээл 30 мянган төгрөгт хүрдэг. Тиймээс малчид өөрсдөө ногоон тэжээлээ тариалах нь олон талын ашигтай тусаж байна” хэмээн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын “Рашаант” багийн Засаг дарга Х.Готов ярьж байна. Говьд ногоон тэжээл тариалах боломжтой гэдгийг “Рашаант”, “Тэнгэлэг” багийнхны жишээнээс харсан малчид “Нутагтаа эзэн 100:1000” төсөлд хамрагдах сонирхлоо илэрхийлэх болжээ.