Дорнод аймаг болон БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хянган аймгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Хятад, Монголын хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, эдийн засгийн шинэ боломж” сэдэвт бизнес уулзалт энэ сарын 27–28-ны өдрүүдэд Чойбалсан хотод зохион байгуулагдлаа.
Уулзалтын хүрээнд хоёр талын хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, газар тариалан болон мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж, худалдаа, хөрөнгө оруулалт, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцсон байна.
Тус худалдаа, эдийн засгийн уулзалтад Хөдөө аж ахуйн “Халх гол” Үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргаа оролцож, бүсийн хөгжлийн бодлого, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг төрөлжүүлэн хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, хөтөлбөрүүдээ танилцууллаа. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 166 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, атар газрыг тариалангийн зориулалтаар ашиглах боломжийг нэмэгдүүлж, тариалангийн талбайн ашиглалтыг сайжруулах зорилготой “Халх гол агро парк-2026” төслийг танилцуулсан юм. Мөн КОЙКА-ийн дэмжлэгээр бий болсон загвар аж ахуйн үндсэн хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, үйлдвэрлэлийн үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжих “ЭКО ЦИКЛ-200” төслийн талаар танилцуулав.
Энэхүү бизнес уулзалт нь бүс нутгийн худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, хөдөө аж ахуйн салбарт дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт татах болон хамтын ажиллагааны шинэ боломжуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой боллоо.