Хуулийн засаглалтай, тусгаар тогтносон Монгол Улс гэж тодорхойлдог. Гэхдээ хууль эрх тэгш үйлчилдэггүй. Түмнээс гуйж гувшин байж төрд зайдалсан түшээд нь дархан эрхтэй. Байж болох юм хэмээн үзвэл засаглах төрийн түшмэд нь эх орон, хүн зоныхоо төлөө ажиллаж, зүрх нь лугшиж чадаж байна уу. Үүнд иргэн бүр эргэлзэж, хүн бүр нээрээ юу билээ хэмээн уг асуулт дунд тээнэгэлзэн явна.

Өнөөдөр пархламент нь гацаанд, засаг нь нурж унах дээрээ тулчихсан явна. УИХ дахь цөөнхийн бүлэг нь Засгийн газрыг МАН-ын дарга л удирдах ёстой. Тиймээс Н:.Учрал парламентын дарга байх ёсгүй гэсэн шахаанд оруулснаас үүдэлтэй улстөрийн түгжрэл үүсчихлээ. Хаврын чуулганы нээлтээс хойш үүссэн энэ балай асуудлаас үүдэн улс орны, ядарсан иргэдийн амьжиргааг дээшлүүлэх ямар ч шийдвэр гарсангүй. Монголчуудын амьжиргаа өдрөөс өдөрт унаж, 70 сая малтай хэрнээ махны ханшаа барьж тогтоохоо болилоо. Дээдсүүдийн амьдралд энэ ханшийн өсөлт огт хамаагүй байх л даа. Тэд ханш мэдэх биш.

МАНгарууд хэрэлдсээр. Өчигдөр л гэхэд Л.Оюу-Эрдэнэ АТГ-ын мэдээлэл өгч ХЗДХ-ийн сайдыг нухчин дарахаар явна. Арьсаа хамгаалах тактик. Нөгөө талд төрийн ордонд ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр нь “Тэр хүн амь тэмцэж байгаа нь тэр” хэмээн бас л хэвлэлд ярих. Ийнхүү тэмцэлдэх нь иргэдэд ямар ашиг байна. Уг нь, төрөө засаад, түмнээ амгалан сайхан амьдруулаарай гэж л түшмэл цолонд хүргэх саналаа өгсөн. Хэргэм зэрэгт хүрэхээрээ хүмүүсийн амьдрал огт хамаагүй болчихдог юм байна. Хаа хаанаа хариуцлагажаагүй байхад яаж ч улс хөгжих билээ.

Ер нь, даварсан түшмэдтэй, дампуудуухан засаглалтай, салбар бүр нь сайд нэртэй садаатай л улс болчихлоо. Боловсролын сайд салбарыг самарчихаад зугтах гээд сууж байгаа. Мөн Эрчим хүчний сайд ялгаагүй би болилоо гээд хэлээ гаргаад гараа өргөчихсөн явна. Яасан даварсан түшмэдүүд, задарсан засаглал вэ гэж хэлмээр. Тиймээс Ерөнхийлөгчийн санаачилсан даварсан түшмэдэд ташуур болох хариуцлагажуулах хуулийг нэн даруй батлах нь зүйтэй. Ингэж л тэдэнтэй хариуцлага тооцохгүй бол төсвийн хөрөнгөөр туйлж, төрийн ордонд занхайн суусаар байх болно.

Тусгай эрх ямба эдэлдэг шигээ хариуцлагаа үүрэх цаг нэгэнт болсон. УИХ-ын гишүүн бүрэн эрх, дархан ямба, хуулийн өмнө хүлээх хариуцлагаас мултрах нь хэрээс хэтэрлээ. Өлсгөлөн нохдын цуглаан шиг өөр хоорондоо хэмлэлдэж, улс орон, улс түмнээ орхиж байгаа. Эрх, ашиг сонирхлоо хаяж чадахгүй нэгэнд ташуур болох УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хууль чухал байна. Хэрэгтнийг хаацайлах, гэмт хэргээс нуун далдлах, орогнуулах байр сав нь Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага биш болов уу.

By admin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн