“Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль” гэсэн уриан дор 50 тэрбум төгрөг төсөвлөх асуудал өнөөдөр маргаан дагуулж байна. Хүүхэд гэртээ ойр сургуульд хүрч очих нэг хэрэг. Харин тэр сургуульд очоод юу сурч, юу ойлгож, юу хийж чаддаг болох нь өөр хэрэг. Гэрт ойрхон байх нь сургуулийг сайн болгодоггүй. Бид хүүхэд хаана сурах тухай их ярьдаг. Харин тэнд очоод юу сурах тухай бараг ярьдаггүй.
Байр түрээслэх, тоног төхөөрөмж худалдаж авах, сурах бичиг хэвлүүлэхэд мөнгө хэрэгтэй. Харин хүүхэд юу сурах, яаж ойлгох, сурсан зүйлээ хэрхэн хэрэглэхийг мөнгөөр шууд шийдэх боломжгүй. Үүнд мэргэжлийн мэдлэг, судалгаа, туршилт, олон жилийн хөдөлмөр шаардлагатай. Гэтэл бид худалдаж авч болох зүйлээ чухалчилж, хүүхдэд юу заах, яаж сургах тухай хамгийн чухал ажлаа хоёрдугаарт тавьж ирлээ.
Үүний нэг жишээ нь сургалтын хөтөлбөрийн шинэчлэл. Боловсролын сайд Л.Энх-Амгалан хэрэгжүүлж буй зургаан ажлынхаа нэгээр хөтөлбөрийн шинэчлэлийг байнга нэрлэдэг. Уг шинэчлэлийн гол зорилго нь олон жил ярьсан багш төвтэй боловсролоос хүүхэд төвтэй боловсролд шилжих явдал байлаа. Энэ нь хүүхдэд юу зааснаар биш, хүүхэд юу сурч чадсанаар боловсролын ажлыг хэмжинэ гэсэн үг. Багш хичээлээ зааж, хөтөлбөрөө дуусгасан ч хүүхэд ойлгоогүй бол тэр ажлыг амжилттай болсон гэж үзэхгүй. Харин заах арга, сургалтын агуулга, сурах бичгээ хүүхдэдээ тохируулан өөрчлөх ёстой.
“Хүүхдийн төлөө” гэдэг нь томчууд юу хийснээ баталсан юм шиг хэлэгддэг үг болсон. Харин “Хүүхэд төвтэй” гэдэг нь тэр ажлын үр дүнд хүүхэд юу сурч чадсаныг хардаг зарчим юм. Гэтэл хөтөлбөрийн үзэл баримтлал боловсруулахаас эхлээд сурах бичиг зохиох, хэвлэх, түгээх хүртэл олон ажил өрнөж, их хэмжээний төсөв зарцуулагдлаа. Миний тооцоолж буйгаар эдгээр ажилд зарцуулсан мөнгө өнөөдөр маргаан дагуулж буй 50 тэрбумаас бүр хоёр дахин их. Тэгээд эцэст нь хиймэл оюунаар бүтээлгэсэн сурах бичгүүд хүртэл хүүхдийн гар дээр очлоо. Энэ бүхнийг хийсэн ажлын тайлан болгож болно. Харин хүүхэд төвтэй боловсролд шилжсэний баталгаа болгож болохгүй. Үүнийг батлахын тулд сургалтын агуулга, сурах бичгийн чанар, хүүхдийн суралцах чадварт ямар өөрчлөлт гарсныг харуулах ёстой. Гэтэл зарцуулсан мөнгө, гарсан үр дүнг харьцуулсан нэгдсэн үнэлгээ олон нийтэд огт харагдахгүй өнгөрдөг. Гэтэл “Гэрт ойрхон сургууль”-ийн дараагийн алхам хэзээний эхэлжээ. Өмнөх ажлынхаа үр дүнг тогтоохгүйгээр дараагийн ажилд мөнгө төсөвлөдөг энэ байдал бидэнд хэдийн танил болсон.
“Хүүхдийн төлөө” гэсэн нэрээр төрийн хийх ажил, зарцуулах мөнгө нэмэгдсээр, харин хүүхдэд гарсан үр дүнгээр тэр ажлыг үнэлдэггүй хэвээр.
Би энэ бүхнийг гаднаас нь харж, таамгаар бичиж байгаа юм биш. Боловсролын шинэчлэлийн нэг ажилд өөрийн биеэр оролцож, эхнээс нь эцсийн үр дүн хүртэл нь явж үзлээ. Хүүхдэд илүү сайн сурах бичиг хүргэх зорилгод итгэж, хамт олноороо олон жилийн хөдөлмөрөө зориулсан. Харин энэ ажил ийм үр дүнд хүрнэ чинээ бид төсөөлөөгүй юм.
Тиймээс өнөөдөр энэ тухай хэлэхээс өөр аргагүйд хүрсэн. Нэг ажлын үр дүнг үзсэн хүний хувьд дараагийн ажлууд ч мөн адил замаар үргэлжилж болохгүй гэж үзэж байна. Энэ бол зөвхөн Боловсролын яамны асуудал биш. Сайдын танилцуулж буй бусад ажлыг ч зарцуулсан мөнгө, хийсэн ажлын тоогоор биш, хүүхдэд ямар үр дүн өгснөөр нь үнэлэх ёстой. Үүнд боловсролын төсвийг баталж, зарцуулалтад нь хяналт тавьдаг УИХ ч хариуцлага хүлээнэ.
Өмнөх мөнгөний үр дүнг тогтоохгүйгээр дараагийн мөнгийг баталдаг байдлыг зогсоох хэрэгтэй. Би үүнийг хэн нэгний ажлыг үгүйсгэх гэж бус, өөрийн оролцсон шинэчлэлийн үр дүнгээс сургамж авч, дараагийн ажлуудыг ийм замаар явуулахгүй байхыг сануулах гэсэн юм.
Хүүхдийн төлөө гэсэн уриа хүүхдийн нэрээр ажил хийснээр бус, хүүхэд үнэхээр сурч хөгжсөн үр дүнгээр батлагдах ёстой.
Р. Энхбат Монсудар хэвлэлийн газрын захирал