Монгол Улсын маргаашийн ирээдүйг тодорхойлох хүүхдүүдэд зориулсан хөрөнгө оруулалтыг хуульд заасных нь дагуу хэрэгжүүлээд явчихвал харамсаж халаглахгүй, сэтгэл шимширсэн мэдээлэлд зүрхээ шархлуулахгүй нь тодорхой. байх.
Мэдлэг боловсролтой, чадварлаг боловсон хүчин бэлтгэх суурь хүмүүжлийг олгодог газар бол цэцэрлэг. Гэтэл хувийн болон төрийн цэцэрлэгийн хүүхэд гэх ялгаварлах болж. Ерөнхийдөө нэг нь төрсөн нөгөө нь хойд эцгийн гар харж суугаа гэхэд хилсдэхгүй. Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Төрийн хүүхэд, хувийн хүүхэд гэж ёсгүй. Бүгд Монгол Улсын иргэн, хүүхэд” гэж хэлсэн нь бий. Хэлэх нэг хэрэг, хийх бас нэг өөр асуудал гэх нь бийтэй утга нэгэн асуудал өнөөгийн нийгэмд тодоос тод харагдаж, гомдол санал дагуулсаар байна. Хувийн цэцэрлэгийн багш ажилчид, сурч хүмүүжиж буй бяцхан үрс иргэний эрхээ эдэлж чадахгүй ялгаварлагдсаар явааг нуух хэрэггүй болсон байна, эрхэм сайд аа.
Мэдээж хэрэг, өндөр дээд сэнтийгээс, албан тасалгааны цонхоор тань амьдрал баргар харагдахгүй л байгаа биз. Ийнхүү хэлэхийн учир нь, хувийн гэж адлагдаж, “хойд эцгийн” царай харах цэцэрлэгүүд өдөр бүр цөөрч, үүд хаалгаа хаасаар байгааг таньд дуулгая. Хойд эцгийн гэх тодотгол нэмсэн нь ч учиртай. Багш нарын хэлж буйгаар төрийнх нь цэцэрлэгийн нэг хүүхдэд төлдөг зардал 500 орчим мянга бол, хувийнхад 132 мянга гэв. Энэ л том ялгаварлалт. Хичээлийн шинэ жилээс хойш сар бүр олгогдох ёстой нэг хүүхдэд ногдох зардал өнөөдөр ч хийгдээгүйгээс саяхан 360 цэцэрлэгтэй гэсэн тоон мэдээлэл дурайж байсан ч сарын хугацаанд 60 орчим нь өрхөө бүтээж, үүдээ барьсан нь харамсалтай. Өнөөдрийн байдлаар 302 цэцэрлэг амь голтой ажилласаар. Тэдний зарим нь хэзээ мөдгүй дампуурлаа зарлахад бэлэн аж.
Магадгүй дээрх 302 хувийн цэцэрлэгт хамрагддаг 21 мянга гаруй ирээдүйг бүтээх бяцханууд хүмүүжих газаргүй болж, 3698 багш ажилгүй болчихвол хэн үүнд хариуцлага хүлээх вэ. Мэдээж хэрэг боловсон, боловсролтой дарга, сайд нар биш биз. Эцсийн дүндээ “ЖИ” хорооллын гэж дуудуулах бяцхан маамуунууд, тэдний эцэг эх, багш нар л хохирч, сайд дарга нар амаа тамшаан дүлий дүмбэ оргин суух нь гарцаагүй. Татвар төлөгчдийн мөнгөнөөс бүрдэх төсвөө булаалдан тэмцэлдэхийн оронд ирээдүй рүүгээ чиглэсэн хөрөнгө оруулалт Монголын хөгжилд тустайсан.
Ерөнхийдөө хувь, төр гэж ялгах ганц шалтгаан байдаг юм байна. Хувийн цэцэрлэгүүд төлбөр авдаг гэх ганц цолтой. Магадгүй өндөр төлбөр авдаг цөөн хэдэн цэцэрлэг байх нь гарцаагүй. Тэд бол төвийн, үнэтэй том байшин хороололд амьдрах баян хүмүүст зориулагдсан нь биз. Харин “ЖИ” хэмээн нэрлэгдэх Банязүрх, Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул гэх мэт дүүргийн орлого тааруу, айл өрхийн нялхаст үйлчилгээ үзүүлдэг цэцэрлэгийнхэн хэр тааруухан ханшаар буюу багадаа 50-100 мянган төгрөгөөр, зарим нь үнэ төлбөргүйгээр сурган хүмүүжүүлж, хүн байх талаар зааж байгаа нь бахадмаар. Энд энхрий бяцхан иргэдийн маань эрх хэт зөрчигдөөд байна уу гэсэн бодол төрөх. Үндсэн хуулиар олгогдсон эрхээ ч төгс ухаарч амжаагүй тэдэнд төр, түшээд хэтэрхий хатуу хандаад байна уу даа. Ялгаа байхгүй эх орны үрс, ирээдүйд улсынхаа төлөө зүтгэнэ. Хил манах үүргээ хүлээж, бүтээн байгуулалтад оролцоно. Эрдэмтэн мэргэд, их зохиолчид, ардын багш, зохион бүтээгч, төр жолоодолцох эрхэм хүн ч бий. Тиймээс дээдэс өнөө маргаашийн бодлоо цэгцэлж маргаашийн ирээдүйгээ харах нь чухал байх.
Өнөөдөр төсөв хэлэлцэж чи би дээрээ тулан суугаа сайд дарга нар аялал зугаалгын зардал гэж тусгуулж, 600-700 сая төгрөгийг бага хэмээн чамлаж сууна. Өчүүхэн хөрөнгө хэмээн чамлагдах тэрхүү хөрөнгө татвар төлөгчдийн мөнгө учир ганц зоос дутаалгүй ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийчихвэл дээргүй юу, эрхэм дээдсүүдээ. Ийм хэмжээний хөрөнгөөр хэчнээн хүүхдийг цэцэрлэгтэй байлгаж, сурган хүмүүжүүлэн, маргаашийнхаа хөгжилд хувь нэмэр оруулах Монгол улсын иргэнийг бүтээхийг сайтар тунгаах нь зүйтэй байх. Чамлан байж төсөвт суулгуулахаар улайрах ичихээ мэдэхээ байсан сайд та бяцхан үрсэд өгчихөж чадах уу гэсэн асуулт байна.
Эцсийн дүндээ боловсролын салбарыг толгойлж, бодлогыг нь тодорхойлж суугаа Л.Энх-Амгалан сайд аа, 300 гаруй цэцэрлэг дампуурдаггүй юм гэхэд хаагдахад бэлэн байгаагийнх нь хүүхэд хүмүүжих, боловсрол олж авах газрын хаалга баривал мянга мянган хүүхдийн эрх ашиг, тэднийг харгалзах ар гэрээ тэжээж ядан яваа эцэг, эхийн өмнө хэн хариуцлага хүлээх вэ.
Өнгөрснийг дурсаж харамсахгүйн төлөө өнөөдөр л дуугарч, аливаа алдааг засахгүй бол харанхуй нийгэм та бидний бяцхан үрсийг залгихад бэлэн байна.