Мал сүрэггүй бол хүнс байхгүй. Газар нутаг эзгүйрч, өв соёл мартагдана. Тийм л болохоор Жендэрийн үндэсний хорооны хуралд ганц бие залуусын асуудлыг хөндлөө. 20 мянга гаруй залуу малчин эхнэргүй байна.
Хөдөөд 18- аас 34 насны 100 малчин эмэгтэйд мөн насны 200 эрэгтэй малчин оногдож байна. 2021 онд хөдөөд 5300 гэрлэлт бүртгэгдэж байсан бол 2024 онд 3000 болж бараг 2 дахин буурсан байх жишээтэй. Улсын хэмжээнд 2020 онд 80 мянган хүүхэд төрж байсан бол 2024 онд 59 мянга болж огцом буурсан. Сургууль соёлын мөр хөөж хот бараадсан баахан нөхөргүй бүсгүйчүүд, мал дагаж хөдөө хөхөрч гадаа гандсан эхнэргүй залуус.
Нэг улсад амьдарч байгаа атлаа хэзээ ч уулзаж учирч, гэр бүл зохиож чадахгүй ХОЁР ӨӨР ГАНЦААРДАЛ! Өнгөц харахад хувь хүний хэрэг мэт энэ асуудалд төр засаг одоо л анхаарахгүй бол ирээдүйд хүн амын өсөлт саарч, түүнийг дагаад хөгжлийн хурдац удааширч, Монгол Улсын оршихуйн асуудалд ноцтой эрсдэл тулгарах аюултай.
Тийм учраас хатуухан хэлэхэд жендэр гэхээр эмэгтэй хүнийг дарга болгох тухай ярьдаг болсон хуучин уламжлалыг эвдсэнээ буруу гэж бодохгүй байна.