Улсын Их Хурлын дарга Н.Учралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр өргөн мэдүүллээ.

Тэрбээр хуулийн төслийн гол үзэл баримтлал нь ардчилсан парламентын засаглалыг төгөлдөржүүлэх, парламентын дархлааг бэхжүүлж, ард иргэдийн хяналтыг нэмэгдүүлэхэд чиглэснийг онцлон тэмдэглэв.

Улсын Их Хурлын гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан, гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн бол эгүүлэн татах хууль зүйн хариуцлагыг тодорхой, ил тод, үр нөлөөтэй болгох зохицуулалтыг Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан байна.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн ард түмний элчийн хувьд төлөөлөх, хууль тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэхдээ Улсын Их Хурлын ээлжит чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд хүрэлцэн ирж, санал хураалтад биечлэн оролцсон байх шаардлагатай гэж үзжээ.

Мөн улс төрийн намаас жагсаалтаар сонгогдсон гишүүдэд тавих хяналтыг сайжруулах, хариуцлагыг нэмэгдүүлэхтэй холбоотой зохицуулалтыг төсөлд  тусгасныг тодотгов.  

Хуулийн төсөл батлагдсанаар Улсын Их Хурлын гишүүн ард түмнээс олгосон мандатыг хүндэтгэхийн сацуу Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан тохиолдолд эгүүлэн татах тухай Монгол Улсын Үндсэн хууль дахь заалтыг амьдралд хэрэгжүүлэх, парламентын засаглалыг бэхжүүлэх, улс төрийн нам, эвслийг хариуцлагатай болгох, төрийн үйл ажиллагааны тэгш байдал, хууль дээдлэх зарчмыг хангахад эерэг нөлөө үзүүлнэ гэж төсөл санаачлагч үзсэн байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

By admin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн