Төсөв-2026: Кибер халдлагын хохирол 200 тэрбумд хүрээд байна

Дэлхийн зах зээлд алтны үнэ өссөн нь Монгол Улсын хувьд валютын нөөцөө нэмэгдүүлэх түүхэн боломж ч алтыг хууль бусаар хил давуулах гэмт хэрэг өсөж болзошгүй. Гэтэл хил, гаалийнхны тоног төхөөрөмж хоцрогдсоноос алтыг хууль бусаар хил давуулж байгааг илрүүлэх боломжгүй болсон. Мөн хилээр хар тамхи орж ирж байгааг ч илрүүлж чадахгүйд хүрсэн. Кибер халдлагаас сэргийлэхэд техникээ шинэчлэх шаардлагатай. Хохирол 200 тэрбумд хүрсэн. Шаардлагатай тоног төхөөрөмжийн зардлыг төсөвт суулгах саналаа Сангийн яаманд хүргүүлдэг ч хасагддаг нь эргээд эдийн засаг, нийгэмд асар их хор хохирол дагуулж байгааг Хууль зүйн салбарын 2026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлгийг өчигдөр /2025.08.12/ зохион байгуулах үеэр хөндөгдлөө. Энэ асуудлын хүрээнд дараах байр суурийг хүргэе.

ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГА 1.7 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН АЛТНЫ ХУУЛЬ БУС ЗӨРЧЛӨӨС СЭРГИЙЛЖ АЖИЛЛАДАГ 

Аюулгүй байдлын судлаач доктор, бэлтгэл хурандаа хилчин н.ЖАМСРАНДОРЖ:

-Энэ жил манай улсын хувьд хар тамхи, кибер аюулгүй байдал тулгамдсан асуудал болсон. Сүүлийн үед алтны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор ирэх жилүүдэд энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдэж болзошгүй байна.

Алтыг хууль бусаар хил давуулах урсгалыг зогсооход хилчнээс ур чадвар шаарддаг ч сүүлийн үед энэ төрлийн гэмт хэргийг үйлдэгчдийн арга хэрэгсэл нь хүний хүчин зүйлээс үл шалтгаалсан, шинэ арга хэлбэр лүү шилжсэн.

Өөрөөр хэлбэл,  тоног төхөөрөмжийг нь шинэчлэхгүй бол хүн илрүүлж чадахааргүй төвшинд арга хэлбэр нь шилжсэн. Хил хамгаалах байгууллага нь жил бүр 1.7 их наяд төгрөгийн алтны хууль бус зөрчил гарахаас урьдчилан сэргийлж ажилладаг. Хэрвээ шаардлагатай тоног төхөөрөмжийг нь авч өгөхгүй бол дээр дурдсан хэмжээний алдагдалд орох тооцоо гарч байгаа.

Хоёрдугаарт, хар тамхитай тэмцэхэд мөн л техник технологийг шинэчлэх шаардлагатай. 60 мянга орчим хүн хар тамхи хэрэглэдэг гэсэн судалгаа гарсан.  Хэрэглэгчийн  34 хувь нь гадаад урсгалаас мансууруулах төрлийн бүтээгдэхүүнээ авдаг. Гэтэл гадаадаас орж ирж байгаа 34 хувийн урсгалыг зогсоож чадахгүй байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Яагаад ийм байдалд оров гэхээр гаальчид хэчнээн ур чадвартай байгаад нэвтэрдэг урсгал нь шинэ төрлийн технологи ашиглаж орж ирдэг болсон. Шинэ төрлийн арга хэрэглэдэг болсноор хүний хүчин зүйл нөлөөлөх боломжгүй болсон. Тиймээс хар тамхийг илрүүлдэг төхөөрөмж авах шаардлагатай. Гэтэл энэ төрлийн төхөөрөмжийг худалдан авахад зориулж Гэмт хэргээс урьдчилан сэрийлэх зөвлөл дээр нэг  тэрбум төгрөг тавих жишээний.

Бидний судалгаагаар  100 тэрбум төгрөгийн техник хэрэгсэл авч байж гаднаас орж ирэх хар тамхины урсгалыг зогсоох боломжтой.

Кибер аюулгүй байдал дээр сүүлийн таван жилд жил бүр 20 тэрбумаар хохирол нэмэгдэж байна. Энэ жилийн хохирол 200 тэрбум төгрөг рүү дөхөж байна. Гэтэл Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас 8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт байхад бидний хэрэг илрүүлэх ажиллагаанд ололт дэвшил гарна гээд байхад хасдаг.

Уг нь 8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавьчихвал  цаана нь 20 дахин өгөөж авах гээд байгаа.

Ийм төслүүд дээр Сангийн яам эдийн засаг,нийгмийн ач холбогдлоор нь эрэмбэлж ажилладаг болох шаардлага байна.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ ХЭЛМЭРЧИЙН ЗАРДЛЫГ САНГИЙН ЯАМ БАЙНГА НЭХДЭГ

Монгол Улсын гавьяат хуульч Б.ЭНХБАТ:

-Би цагдаагийн байгууллагад 30 гаруй жил ажилласны 25 жилд нь мөрдөгч хийсэн. Цагдаагийн байгууллагын төсвийг судлахаар гэмт хэрэгтэй тэмцэх боломжгүй болгож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг төр хариуцна гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан байдаг. Хөрөнгийн үнэлгээ, шүүх шинжилгээ зэрэг шинжлэх ухаанд  суурилсан, нотолгоонд суурилсан мөрдөн шалгах ажиллагаа явуулахад 75 төрлийн шинжилгээ зайлшгүй хэрэгтэй байдаг бөгөөд мөнгөө төлсөн тохиолдолд дүгнэлтээ авдаг. Дүгнэлт гараагүйгээс болоод хүний эрх зөрчигдөх, хугацаа алдах, төр иргэнийхээ өмнө нэр хүнд унах, цагдаагийн нэр хүнд буурах бодит нөхцөл байдал байхад Сангийн яамныхан яасан дураараа юм бэ.

Хуульд нэг эрүүгийн хэрэгт ногдох хувьсах зардлыг нийт хэрэгт нь харьцуулж гаргах хувь 23980 төгрөг гээд бодитоор гаргасан байхад жил бүр өр үүсэж, хөрөнгийн үнэлгээнийхээ төлбөрийг авч чадахгүй байна гээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэлмэрч оруулагчийн зардлыг цагдаагийн байгууллагаас байнга нэхэж байдаг.

Энэ жил 2 тэрбум төгрөг хуулийнхаа дагуу төсөвлөгдсөн байх ёстой байтал хасаад 500 сая төгрөг болгосон. Ингээд байх юм бол гэмт хэрэгтэй яаж тэмцэх юм бэ.  Цагдаагийн байгууллага Эрүүгийн хуульд  заасан 25 бүлгийн 393 гэмт хэргийн 90 гаруй хувьд мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг. Үзэл бодлоо илэрхийлэх эрх нь хязгаарлагдмал цагдаагийн байгууллага энийгээ талйбарлаж чадахгүй байна. Бодлогоо барьж ажилламаар байна, Сангийн яам ингэж дураараа хасаж болохгүй.

Прокурор, шүүгч хоёроос газар тэнгэр шиг ялгаатай цалин авч байна мөрдөгч нар. Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх аэжиллагааны зардлдыг хасна гэдэг гэмт хэрэг шүү гэв.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмарын танилцуулснаар цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 768 алба хаагчийн орон тоо дутуу үйл ажиллагаа явуулж буй бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага мөн 823 орон тооны дутагдалтай, Хууль зүйн үндэсний хүрээлэнд батлагдсан 73 орон тооны чиг үүргийг 42 ажилтан гүйцэтгэж байна. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 21 аймаг дахь салбар хэлтсүүдээс 15 нь автомашингүй, Шүүх шинжилгээний Ховд, Өвөрхангай аймаг дахь бүсийн төвүүд өөрийн байргүй гэхчилэн хууль сахиулах үйл ажиллагаан дахь хүний нөөц, хангамжийн олон бэрхшээл байна. Тиймээс зайлшгүй шаардлагатай гэсэн хөрөнгө оруулалт, урсгал зардлыг 2026 оны төсвийн төсөлд багтаасан гэж танилцуулсан юм. Салбарын хэмжээнд ирэх оны төсвийн төслийг нэгтгэхдээ улс орны эдийн засгийн нөхцөл байдал болон төсвийн хэмнэлтийн бодлогод уялдуулж, 2.9 их наяд төгрөг байхаар тооцоолжээ.

Г.ХОРОЛ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн