Бүх нийтийг цахим ур чадварт сургах, чадварыг нь нэмэгдүүлэх “DIGITAL FIRST” 5 дугаар аян эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрөөд байгаа билээ. Энэхүү аян улс орон даяар хэрэгжитж байгаа бөгөөд Баян-Өлгий аймагт түүчээлж байна.
Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Хөгжлийн зорилтот хөтөлбөр, “Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т заасан “Хүний хөгжлийг дэмжсэн, үр дүн, үр нөлөөтэй цахим засаглалыг төлөвшүүлнэ” зэрэг хууль тогтоомжид заасны дагуу иргэддээ цахим орчинд хэрхэн төрийн үйлчилгээг хурдан шуурхай авч болоход зааж сургаж байгаа.
Мөн дээрхээс гадна Монгол Улс нь НҮБ-ын Цахим засаглалын хөгжлийн индексийн “маш өндөр” ангилалд багтаж, сүүлийн хоёр жилийн хугацаанд 28 байраар урагшилсан нь олон улсын түвшинд өндрөөр үнэлэгдсэн томоохон амжилт болсон билээ.
Гэсэн ч иргэдийн дунд цахим шилжилтийн бодит үр өгөөжийг хүртэх, цахим ур чадварыг дээшлүүлэх хэрэгцээ, шаардлага хэвээр байна. Иймд “Бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх V аян”-ыг улс эх орон даяар эхлүүлсэн.
Энэ удаагийн аяны онцлог:
– Аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчид болон ажлын алба, төрийн албан хаагчид, багийн Засаг дарга нарыг хамруулах
– Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг шат дараатай сургалтад хамруулах
– Алслагдсан бүс нутагт болон 5 малчны хотонд хүрч сургалт зохион байгуулах
– Үүрэн холбоо, сансрын интернэт
ашиглан төрийн үйлчилгээг хүртээмжтэй болгох
Аян энэ оны 12 дугаар сарын 5-ны өдөр хүртэл гурван сарын хугацаанд хэрэгжинэ.
Иргэд аянд хамрагдсанаар:
– Төрийн үйлчилгээг цахимаар саадгүй, түргэн шуурхай авах
– Хувийн мэдээллээ хамгаалах
– Цахим залилангаас сэргийлэх мэдлэг, чадвартай болох бөгөөд Монгол Улсын цахим засаглалын чанар, хүртээмжийг ахиулах суурь нөхцөл бүрдэх юм.
Аймгийн Засаг даргын Тамгын газар, Баян-Өлгий аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэстэй хамтран тун удахгүй тус аяны хүрээнд иргэд, олон нийтэд чиглэсэн сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулах болно.
Гартаа гар утастай, хотондоо интернэт сүлжээтэй хэн бүхэн төрийн цахим үйлчилгээг түргэн шуурхай, ямар нэг хүндрэл бэрхшээлгүй авах бүрэн боломж бүрдэх юм.