Монгол Улсын мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, чанар, аюулгүй байдлыг сайжруулах зорилго бүхий нэгдсэн технологийн суурь баазыг бүрдүүлэх төслийн урьдчилсан судалгааны хурлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд зохион байгууллаа.
Тус төслийг 2028–2031 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд нийт 13.5 сая ам.долларын төсөвтэй байх юм. Үүнээс БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA) 7.5 сая ам.доллар, Солонгосын хөдөө аж ахуйн төсөл хэрэгжүүлэх төв (KOPIA) 6 сая ам.долларын санхүүжилт олгохоор төлөвлөж байна.
Төслийн хүрээнд хоршоонд суурилсан мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтолцоог хөгжүүлэх, ногоон тэжээл үйлдвэрлэх, хадгалах, мал маллагааны менежментийг сайжруулах, малын үүлдэр угсааг сайжруулах, малын гаралтай бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн хяналтыг бэхжүүлэх, малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, хорио цээр, халдваргүйжүүлэлтийн чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр зорьж байна.
Урьдчилсан судалгааны хүрээнд төслийг хэрэгжүүлэх бодлогын хэрэгцээ шаардлага, загвар сумдын мал аж ахуйн ферм, хоршоодын өнөөгийн нөхцөл байдал, төслийг хэрэгжүүлэх байршлын тохиромжтой байдлыг тодорхойлно. Мөн ногоон тэжээл болон бүрэн найрлагат холимог тэжээл (TMR) үйлдвэрлэл, хадгалалт, мал маллагааны менежмент, малын гаралтай бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуй, малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, хорио цээр, халдваргүйжүүлэлтийн чиглэлээр шаардлагатай байгууламж, тоног төхөөрөмжийн хэрэгцээг судлах юм.

Судалгааны үр дүнд төслийн бүрэлдэхүүн хэсэг, хүлээгдэж буй үр дүн, шалгуур үзүүлэлт, төсөв болон цаашид нарийвчлан судлах шаардлагатай асуудлуудыг тодорхойлох юм.
Урьдчилсан судалгааны бэлтгэл ажлыг 2026 оны аравдугаар сарын дунд үеэс эхлүүлж, газар дээрх судалгааг аравдугаар сарын 25-наас арваннэгдүгээр сарын 5-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд судалгааны үр дүнгийн тайланг 2026 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна.
Энэхүү төсөл хэрэгжсэнээр мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, малын гаралтай бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, малчин өрх, хоршоодын чадавхыг бэхжүүлэх, орчин үеийн технологи, менежментийг нэвтрүүлэхэд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.
