Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мёны манай улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд өнөөдөр хоёр улс харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр 21 баримт бичигт гарын үсэг зурлаа.
Эдгээрийн дотор хоёр улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны хоёр санамж бичиг байгуулав. Тухайлбал,
“Хүнс, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөө аж ахуй, хүнс, орон нутгийн хэргийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Цагаанхүүгийн Идэрбат, Хөдөө аж ахуй, хүнс, орон нутгийн хэргийн сайд Сун Ми Рё нар гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичгийн хүрээнд хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн бодлогын талаар мэдээлэл солилцох, техникийн хамтын ажиллагаа болон мэргэжилтнүүдийн солилцоог өргөжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр гадаад худалдаа, нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ. Мөн хөдөө аж ахуйн механикжуулалт, усалгаатай тариалан, ухаалаг фермер, орчин үеийн хүлэмжийн аж ахуйн чиглэлээр туршлага, мэдлэг солилцох, мал эмнэлгийн үйлчилгээ, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалт, малын бүртгэх тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллах юм.
“Түгээлт ба логистикийн чиглэлээр хамтран ажиллах тухай санамж бичигт Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Цагаанхүүгийн Идэрбат, Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний сайд Ким Жон Гван нар гарын үсэг зурлаа.
Уг санамж бичгийг байгуулснаар хүнс, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортын боломжийг өргөжүүлэх, нийлүүлэлт, түгээлтийн тогтолцоог боловсронгуй болгох, логистикийн үр ашгийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийн тогтвортой байдал, чанар, аюулгүй байдлыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болов.
