Эртний түүхт Монгол Улсын эрх чөлөөт иргэд, хөх толбот улаан залаат монголчууддаа, энэ дэлхийн өнцөг булан бүрт суугаа элэг нэгтнүүддээ, Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье.

Та бүхэн минь дэлгэр сайхан наадаж байна уу!

Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхэн ой, төрт ёсны их баяр наадмын энэ өдрүүдэд наадамчин олон та бүхэндээ төрийн бодлого, түмний төлөөх үйл хэргийг хичээнгүйлэн танилцуулж, үүрэгт ажлаа товч мэдээлж байна.

Өнгөрсөн гурван сарын хугацаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас салбарын хөгжилд саад болж буй шаардлагагүй дүрэм, журмыг цэгцлэх, малчид, тариаланчид, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн өмнө тулгамдсан хүндрэл, бэрхшээлийг бууруулах, хөгжлийн бодлогыг байгальд ээлтэй, ногоон эдийн засгийн зарчимд нийцүүлэх чиглэлээр бодитой шийдвэрүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж ажиллалаа.

-Экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг дэмжиж, шаардлагагүй дүрэм журмын хязгаарлалтыг арилгаж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хил, гааль, хорио цээрийн дэглэмийг хөнгөвчилж, давхардлыг арилган түргэн үйлчилгээний тогтолцоонд шилжүүллээ.

-Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, баялаг бүтээгчдээ зээл, хүү, алдангийн дарамтаас чөлөөллөө. ЖДҮХС-гаас олгосон зээлийн эргэн төлөлтийн хугацааг 2 хүртэл жилээр сунган 7 жил болгох шийдвэр гаргаж, үндсэн хөрөнгийн зээлийг 8 жилийн хугацаатай 5 хувийн хүүтэйгээр олгохоор зээл олгох хугацааг сунгав. Зөрчилтэй зээлийн ангилалд хамаарах зээлдэгчийг алдангиас чөлөөлж, зээлийн хугацааг 2 хүртэл жилийн хугацаатай сунгаж байна. Зээлийн материал судлах, санхүүжилт олгох хугацааг 2-3 дахин багасгав.

-Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн экспортлох эрх бүхий үйлдвэр, аж ахуйн нэгжтэй салбарын яамнаас байгуулж буй бодлогын гэрээг хөнгөвчилж, экспортын бараанд олгодог тохирлын гэрчилгээг ачилт бүрт бус, жилд нэг удаа олгосноор аж ахуйн нэгжийн цаг, зардлыг хэмнэх, мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн давхардсан хянан магадалгааг хийхгүй байх замаар хяналтын давхардлыг арилгаснаар шуурхай үйлчилгээний тогтолцоонд шилжүүллээ.

-“Хүнсний ногооны үнийн өсөлтөөс сэргийлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол гарав. Ингэснээр  хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх зорилгоор зуны хүлэмж болон 4 төрлийн хүнсний ногооны үрийг хөнгөлөлттэй зээлээр тариалан эрхлэгчдэд олголоо. Ингэснээр өнгөрсөн жилтэй харьцуулахад хүнсний ногооны тариалалт 1500 га-аар, ургац 20 мянган тонноор тус тус нэмэгдэх боломж бүрдлээ.

Хүн амыг жилийн турш шинэ ургацын хүнсний ногоогоор хангах, хүнсний ногооны улирлын хамаарлыг бууруулах ач холбогдлыг харгалзан өвлийн хүлэмжийн цахилгааны хөнгөлөлтийг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа.

-Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдаж, төр худалдан авалтаар дамжуулан дотоодын үйлдвэрээ дэмжихээр болов. Ингэснээр Төрийн худалдан авах ажиллагааны цахим дэлгүүрт батлан хамгаалах, хил хамгаалах цэрэг, цагдаа, онцгой байдал, төрийн өмчийн оролцоотой уул уурхай, боловсролын салбарт давхардсан тоогоор 23 төрлийн барааг 3 жилийн хугацаатай байршуулж эх оронч худалдан авалтыг дэмжлээ.

-Засгийн газрын хүүгийн дэмжлэгтэй зээлийн хөтөлбөрийг өргөтгөж, арилжааны банкуудтай байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулан, шинээр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан нийт санхүүжилтийг 200 тэрбум төгрөгт хүргэлээ. Ингэснээр үр тариа, тос тэжээлийн таримлын үйлдвэрлэлд 130 тэрбум, үр тариа, төмс, хүнсний ногооны үр үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагаанд 5 тэрбум, Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих 40 тэрбум, хүлэмжийн аж ахуй, мөөгний үйлдвэрлэлд 5 тэрбум, жимс жимсгэний үйлдвэрлэлд 5 тэрбум төгрөг, нийт 185 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл олгогдож байна. Мөн төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд техник, тоног төхөөрөмж, услалтын систем, хүлэмжийн аж ахуй байгуулах чиглэлээр  нийт 15 тэрбум төгрөгийн зээлийг тариаланч, ногоочдод олгож байна.

-“2026 онд ноос, ноолуур, арьс ширний салбарт нийт 535 тэрбум төгрөгийн зээл олгохоор арилжааны 10 банктай гэрээ байгуулан олгож байна. 

-ХХААХҮЯ-наас санаачлан, “Цагаан алт” хөтөлбөр, “Арьс, шир-Баялаг” хамтын ажиллагааны хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр түүхий эдийн анхан шатны бэлтгэлийн төвийг Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Архангай, Хөвсгөл аймгуудад байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүллээ. Энэ бол ашиглагдалгүй хаягдаж байгаа арьс, шир, нэхийг малчид, иргэдийн гар дээрээс үйлдвэрлэгчдэд шууд нийлүүлэх тогтолцоо юм. Үүний үр дүнд түүхий эдийн үнэ цэн өсөж, арьс, шир, нэхийг гүн боловсруулах, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортод гаргах боломж нэмэгдэх юм.

-ХХААХҮЯ-наас мал аж ахуйн хөгжлийг дэмжих, мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Атар-4” Тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хүрээнд “Нутагтаа эзэн-100:1000” төслийг 17 аймгийн 25 суманд хэрэгжүүлж байна. Эдгээр суманд малчид хөдөлмөр, хөрөнгөө хоршин 100 га газарт гурван төрлийн ногоон тэжээл тариалаад байна. Цаашид улсын хэмжээнд өрнөж, малчид тэжээлийн ургамал тариалж, байгаль, цаг уурын хүндрэлтэй нөхцөлд отор нүүдэл хийлгүй нутагтаа өвөлжиж, малаа хорогдолгүй онд оруулж, таваарлаг чанарыг нь нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.

-Монгол Улс өсөн үржиж, урган төлждөг хөдөө аж ахуйн баялгаараа бүс нутгийн болон дэлхийн хүн амын хүнсний хангамжид хувь нэмрээ оруулах зорилготой. Тиймээс хөдөө аж ахуйг байгальд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл даах чадвартай, нийгмийн хөгжлийн чиг хандлага, хэрэгцээ, шаардлагад нийцсэн, хариуцлагатай, бүтээмж өндөр, тогтвортой үйлдвэрлэлтэй эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх бодлого баримталж байна. Энэ зорилгоо биелүүлэх бодитой алхмуудыг ХХААХҮЯ өнгөрсөн 100 хоногт эхлүүлж, цаашдын тогтвортой хөгжлийн бат бөх үндэс суурь болно гэдэгт бүрэн итгэлтэй байна.

Эрхэм хүндэт наадамчид аа, элэг нэгт монгол ахан дүүс ээ!

Нар, хур тэгширсэн наадмын сайхан өдрүүдэд эрхий мэргэн харваачид онч мэргэн, идэр чийрэг бөхчүүд маань идтэй хавтай, аргамаг шандаст хүлгүүд хурдтай хийморьтой байж, хотол түмнээрээ дэлгэр сайхан наадаарай.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай!

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн,

ХХААХҮ-ийн сайд Цагаанхүүгийн Идэрбат

By admin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн