Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Үүнтэй холбоотойгоор Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Ажлын алба “Конрад-Аденауэр сан”-тай хамтран “COP17-Д СЭТГҮҮЛЧДИЙН ОРОЛЦОО” өглөөний уулзалтыг хоёр долоо хоног тутамд зохион байгуулж байна. Тавдугаар сарын 08-нд болсон хоёр дахь уулзалтад COP17 бага хурлын барилга байгууламж, логистикийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хүргэсэн бөгөөд 20 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцлоо.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенц нь 197 оролцогч талыг нэгэн дор нэгтгэн, шийдвэр гаргагчид, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшил, уугуул иргэд, иргэний нийгмийн байгууллагуудыг газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээх нийтлэг зорилгын хүрээнд хамтран ажиллах боломжийг бүрдүүлдэг. Улаанбаатар хотноо зохион байгуулагдах COP17 хурал нь энэхүү хамтын зорилгыг урт хугацааны бодит үйл ажиллагаа, түншлэл болгон бататгах яриа хэлэлцээрийн чухал талбар байх юм. Монгол орны газарзүй, уур амьсгалын өвөрмөц байдал нь дэлхийн цөлжилтийн тулгамдсан асуудлыг ойлгох, мөн шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой улсын тоонд зүй ёсоор багтдаг.

Монгол орон нь газарзүйн байршил, эрс тэс уур амьсгалын онцлогоос шалтгаалан дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн өртөмтгий 10 орны нэг болсон. Үүний улмаас дулааны улирлын хур тунадасны хэмжээ мэдэгдэхүйц буурч, ган гачгийн давтамж нэмэгдэн, цөлжилтийн үйл явц улам эрчимжсээр байна. Монгол орны уур амьсгал, хуурай бүсийн онцлог нь цөлжилтөд нэн эмзэг экосистемтэй нягт холбоотой тул энэхүү сорилтыг даван туулах чиглэлээр дэлхий нийттэй туршлага хуваалцах, хамтран шийдэл боловсруулах өргөн боломжийг бүрдүүлнэ.

Монгол Улс олон улсын түншүүд болон Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцтай хамтран боловсруулсан “Тал хээрийн төлөвлөгөө” нь урт хугацааны үйл ажиллагааны бодлогын баримт бичиг. Энэхүү төлөвлөгөө нь хэлэлцүүлгээр хязгаарлагдах бус, хэрэгжилтийг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг хөдөлгөх, газар дээрх бодит, хэмжигдэхүйц үр дүнд хүрэх тогтвортой, бодитой өөрчлөлтийг бий болгоход чиглэсэн. Тал хээрийн төлөвлөгөөний үндсэн гурван тулгуур санаачилгыг олон улсад дэвшүүлж байгаа юм.   

Бэлчээрийн тэргүүлэх санаачилга:

Монгол Улс болон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенц нь нүүдлийн мал аж ахуйн тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй бэлчээрийн ашиглалт, гандуу бүс нутгийн хөрсний нөхөн сэргээлтийг дэмжихэд чиглэсэн 10 жилийн хугацаатай дэлхийн хэмжээний хөтөлбөрийг хамтран манлайлан хэрэгжүүлж байна. Энэхүү санаачилга нь төр, хувийн хэвшлийн түншлэлийг системтэйгээр нэгтгэн, бодит үр дүнг олон улсын түвшинд гаргах зорилготой.

Газар-усны нэгдсэн менежментийн санаачилга:

Гандуу бүс нутгийн ус, газрын нөөцийг нэгдсэн байдлаар удирдах бүс нутгийн болон олон улсын түншлэлийг хөгжүүлж, гангийн эсрэг тэсвэртэй байдлыг бэхжүүлэх, хөрсний чийгийн нөөцийг хадгалах нь хуурай бүс нутгийн хүнсний үйлдвэрлэлд онцгой ач холбогдолтой юм. Энэ нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд түшиглэсэн бүс нутгийн уялдаа холбоог бий болгоно.

Байгальд суурилсан шийдэл бүхий дэд бүтэц санаачилга:

Газарт төвлөрсөн төлөвлөлт болон байгальд суурилсан шийдлүүдийг нэгтгэн хэрэгжүүлэх энэхүү дэлхийн санаачилга нь төр, хувийн хэвшлийн түншлэлийг өрнүүлж, Байгаль орчинд ээлтэй тогтвортой дэд бүтцийн талаар НҮБ-ын Байгаль орчны Ассемблейн тогтоолуудын хэрэгжилтийг ахиулахад чиглэж байна.

ЦЭНХЭР БҮС:  

COP17 хурлын олон улсын хэлэлцээ, хамтын ажиллагааны үндсэн орон зай бол Цэнхэр бүс байна.

-Хоёр талт болон олон талт хэлэлцээ

-Засгийн газар, удирдагчидтай шууд харилцах боломж

-Бодлогын яриа хэлэлцээ, дэлхийн амлалт, олон улсын уриалга

-Нөлөөлөл, итгэлцэл, оролцооны талбар байх юм.

Цэнхэр бүсийн бүртгэл:

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17-р бага хурал (COP17)-ын Цэнхэр бүсийн оролцогчдын бүртгэл 2026 оны тавдугаар сарын 1-нд нээгдсэн бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг https://www.unccd.int/cop17/participate орж авна уу.

НОГООН БҮС:

COP17 хурлын олон нийтэд чиглэсэн дипломат харилцаа, инновацын орон зай бөгөөд шийдлүүдийг хүмүүстэй холбох талбар бол Ногоон бүс.

-Олон нийтэд нээлттэй дипломат харилцааны орон зай

-Технологи, төсөл, шийдлүүдийг танилцуулах

-Залуучууд, эмэгтэйчүүд, олон нийт, иргэний нийгмийн оролцоог дэмжих

-Мэдлэг түгээх, олон нийтэд хүрэх, таниулах үйл ажиллагаа энэ бүсэд явагдана.

ЗАМ ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ДЭД ХОРОО:

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах хүрээнд байгуулсан 12 дэд хорооны нэг нь Зам, тээвэр, логистикийн дэд хороо. Тус дэд хороо нийт 7 зорилтын хүрээнд 106 ажил төлөвлөсөн байна. Тухайлбал, олон улсын нисэх онгоц, галт тэрэг, газрын хилээр нэвтэрч буй хурлын оролцогчдыг саадгүй нэвтрүүлэх, хүлээн авах, аюулгүй түргэн шуурхай тээвэрлэх, тээврийн хэрэгслүүдийн сонголтыг олшруулах, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах, зам арчлалт, замын хөдөлгөөний зохицуулалт хийх, оролцогчдыг тээвэр, логистикийн мэдээллээр хангах зэрэг ажил багтаж байгаа юм.  

БАЙР, БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ДЭД ХОРОО:  

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах хүрээнд байгуулсан 12 дэд хорооны нэг нь Байр, барилга байгууламжийн дэд хороо. Тус дэд хороо нь бага хурлын үйл ажиллагааг зохион байгуулахад шаардлагатай дэд бүтцийн бэлтгэх ажлыг хангаж, шаардлагад нийцэх тохиромжтой байр, барилга байгууламжийг сонгох, цахилгаан, интернэт, аудио, видео тоног төхөөрөмж, хуралдааны өрөөний зохион байгуулалт зэрэг дэд бүтцийг хүлээн авагч улсын хэлэлцээр, хавсралтад туссан шаардлагын дагуу хангах, зохицуулалтыг хийх зэрэг үүрэг хүлээдэг.

Бүтээн байгуулалтын ажлын явц өнөөдрийн байдлаар загвар зураг, төсөв боловсруулах, гадна инженерийн шугам сүлжээний ажил, ус хангамж, ариутгах татуурга, усалгааны систем, цахилгаан хангамж, гадна холбоо, авто зам, зогсоолын зураг, хурлын байр, барилга байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах зэрэг эхний ээлжийн ажлууд 100 хувийн гүйцэтгэлтэй байна. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал болох байршил Улаанбаатар хотын Баянзүрх Дүүргийн 36-р хороо буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нийт 80,000м2 барилгажилтын талбай бүхий 10 мянга хүртэл зочин хүлээн авах хүчин чадалтай, эко, байгальд ээлтэй шийдлээр бүтээн байгуулахаар төлөвлөж байна.

ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ

ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ

By admin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн