Хууль тогтоох дээд байгууллагын намрын чуулган завсарлаж, түшээд сонгогдсон тойрогтоо ажиллаж, хууль хэрхэн хэрэгжиж, хаваржилт ямар байгаатөай танилцан яваа. Тэгвэл УИХ-ын дарга Н.Учрал аймаг орон нутгийн иргэдтэй уулзан, тэдэнд тулгамдаж байгаа асуудлыг сонссоор байна. Тодруулбал, өчигдөр Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзан, парламентаас хүсэн хүлээж буй зүйл, хаврын чуулганаар хэлэлцэгдэх хуулийн төсөлд тусгах ёстой асуудлуудыг ярилцсан байна.

Уулзалтаар “Чөлөөлье” санаачилга, “Эрх чөлөөний дөрвөн зам – дөрвөн чөлөөлөлт” бодлогоо их хурлын дарга танилцуулж, иргэдээс чамгүй санал, хүсэлт гарсан төдийгүй дарханчуудад тулгамдсан асуудлуудыг сонсож, санал солилцсон ажээ.

УИХ-ын дарга Н.Учрал “Засгийн газар 2,2 их наяд төгрөгийн төсвийн зардлыг хэмнэж, гишүүдийнхээ урсгал зардлаас 990 тэрбум төгрөг танаж, төсвийн сахилга бат, хариуцлагыг сайжруулсан. Түүнчлэн хил гаалийн хүнд суртлыг бууруулж, үр дүнд нь нүүрсний экспорт сайжирч, валютын нөөц нэмэгдсээр байна. Олон жил төрийн халамж нүдээ олохгүй явна. Халамжлуулах ёстой улс орныхоо төлөө залуу нас, эрүүл мэндээ зольсон тэр хүмүүс нь халамж хүртэхгүй, халамж авах ёсгүй нэг нь халамжлуулсаар байгаа. Үүнийг тухайн зорилтод бүлэгт хүргэх ёстой. Мөн амьжиргааны төвшин буурч, бараа бүтээгдэхүүний ханш өссөнтэй холбоотой цалин тэтгэвэр нэмэх асуудал шийдэгдэж байгаа ч мөнгөний бодлого алдагдаж, төгрөгийн ханш өдөр ирэх тусам суларч байгаа. Ийм цаг үед цалин, тэтгэвэр нэмээд үр дүн гарахгүй байна. Тиймээс Монгол Улс гадны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэд бүтцийн салбарт болон төрийн үйлчилгээний зарим салбарт татаж оруулах нөхцөл бүрдсэнээр эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлнэ” гэж хэллээ.

Дарханчуудын хувьд шинэ залуу хүн, шийдлээ шинэчлэлтэйгээ ярьж, хүндрэлийг алга болгох гарцаа харсан учир итгэж байгаагаа илэрхийлцгээжээ. Мөн гоё сайхан ярихаас илүүтэй хийж хэрэгжүүлэхийг хүсэж, хамтдаа тэмүүлж, зорилгодоо хүрэх ёстой гэж хэлсэн байна. Залуу даргын зорьсон бүхэн цагийн аясаар хэрэгжиж, нутаг нутгийн түмэн олны ажил амьдрал тэгшрэх биз ээ.

By admin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн