Монголын уран зохиолын хөгжил, шинэчлэлд үнэтэй хувь нэмэр оруулсан зохиолч, яруу найрагч, орчуулагчдад Монгол Улсын Төрийн шагналт яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн өвийг хамгаалах “Дорно” сангаас Нямбуугийн Нямдоржийн нэрэмжит шагналыг олгож байхаар болсон юм. Уг нэр хүндтэй шагналын анхныхыг 2019 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ломбын Нямаад олгож байжээ.

Энэ жилийн Нямбуугийн Нямдоржийн нэрэмжит шагналын эзнээр Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч Готовын Акимыг тодруулсан байна. Г.Аким гүүшид уг шагналыг Нямбуугийн Нямдорж найрагчийн отгон хүү Н.Амар, “Дорно” сангийн гүйцэтгэх захирал, яруу найрагч Г.Сонинбаяр нар өнөөдөр гардуулан өгч, хүндэтгэл илэрхийлжээ.

Нямбуугийн Нямдоржийн нэрэмжит шагналын өргөмжлөлд “Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч Готовын Аким танаа. Бичгийн эрхэм хүмүүн таны Монголын уран зохиолын хөгжил, шинэчлэлийн төлөөх хичээл зүтгэл, цаглашгүй бүтээл, яндашгүй туурвилыг бахархан тэмдэглэж, Нямбуугийн Нямдорж судлалд оруулсан үнэлж баршгүй хувь нэмрийг тань гүнээ  хүндэтгэн, Монгол Улсын Төрийн шагналт яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн нэрэмжит шагналын эзнээр өргөмжлөн алдаршуулав” гэсэн байна.

Г.Аким гүүш Төрийн шагналт яруу найрагч Нямбуугийн Нямдоржтой уран бүтээл, амьдралын дотно анд нөхөд явсан юм. Тэрбээр нэрт найрагчийн хэвлэгдээгүй шүлгүүдээс бүрдсэн номын эхийг 30 гаруй жил нандигнан хадгалж байгаад 2024 онд “Монгол” нэртэйгээр эрхлэн хэвлүүлсэн байна. Уг номд Нямбуугийн Нямдорж найрагчийн М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг төгсөхдөө бичиж, дипломоо онц хамгаалсан “Би” найраглалын эхлэл хэсэг, “Гинж”, “Чавганц” зэрэг үзэл суртлын улмаас хэвлэгдэлгүй хоригдож байсан шүлгүүд, мөн амьдралынхаа сүүлийн он жилүүдэд бичсэн шүлгүүд багтсанаараа үнэ цэнтэй юм.

Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч, хатагин Г.Аким Лев Гумилевын “Хар домог”, Чингиз Айтматовын “Цаазын тавцан”, “Зуунаас ч урт өдөр”, Габриель Гарсиа Маркесын “Зуун жилийн ганцаардал”, Анатоль Франсын “Ундаассан бурхад”, Александр Гриний “Аранзал даруулт хөлөг” зэрэг 16 ном, бүтээлийг орос, англи хэлнээс орчуулжээ. Тэрбээр эрдэмтэн зохиолч, нэрт орчуулагч Бямбын Ринчен судлалаар “Билгүүн номч Бямбын Ринчен” зэрэг 4 номыг эмхэтгэж хэвлүүлсэн байна.

Тэрбээр Матад нутгаас анх удаа Соёлын гавьяат зүтгэлтэн цолыг хүртсэн бөгөөд Б.Ринчений нэрэмжит шагналт, Монголын орчуулагчдын эвлэлийн шагнал, Монголын Сэтгүүлчдийн эвлэлийн шагнал, Монголын зохиолчдын эвлэлийн “Утга зохиолын төлөө” шагналыг тус тус хүртжээ. Мөн ЮНЕСКО-гийн соёрхол, Сан Францискод /АНУ/ төвтэй Дэлхийн соёл урлагийн академийн байнгын гишүүн, уг академийн Утга зохиолын доктор (Doctor of Literature /Litt. D/), профессор юм. Бичиж, орчуулсан ном нийт 103. Үүнээс дурдвал.

Чингис хааны тухай бичсэн ном, өгүүлэл: “Чингисийн оюун билгийн соёрхол оршвой”. (1999) /Монголд анх удаа/, Хөрстөд ганц Чингис хаан буюу Хөх монголчуудын өлзий учрал, Чингис богдын ертөнцийг үзэх үзлийг өгүүлэхүй (2008, 2012) /Монголд анх удаа/ Чингис хааны тэнгэрт хальсан нутгаар (Замын тэмдэглэл), МНТ-ны “шар нохой” юу өгүүлнэ вэ? (илтгэл), Их Монгол улсын урлаг (өгүүлэл) “Sunny Mongolia today” сэтгүүл (2013), Чингисийн замаар (2005), Эргэсэн хасын утга буюу Эзэн Чингисийн сүлд (2015), Чингисийн билиг (англи, монгол хэлээр) (2015), Чингисийн замаар /замын тэмдэглэл/ (2011), “Монголын нууц товчооны нууцлагдсан газар усны товчоон” (2025) зэрэг олон арван ном, бүтээл олны хүртээл болгожээ.

Чингис хааны тухай орчуулсан ном: Л.Гумилев, А.Куркчи. Хар домог /Черная легенда/ (1992, 2007), Жеймс Чемберс. Чингис хаан (James Chambers. Genghis khan) (2001, 2011), Рашид-Ад-дин. Шашдирын чуулган 1.II.III. /Rashid Ad Din Fazlullah’s Compemdium of Chronicles/ (2013).

Бичсэн толь: “Монгол өвөрмөц хэлцийн толь”, “Монгол зүйр цэцэн үгийн тайлбар толь”, “Монгол-орос, орос-монгол өвөрмөц хэлцийн толь”, “Цэцэн билгийн сувд эрих” /Англи-Монгол, Монгол-Англи зүйр цэцэн үгийн толь/, “Бурхны шашны монгол-англи, англи монгол толь”.

Бичсэн, орчуулсан бусад ном: “Туульс хайлдаг уулс 1,2”, “Тэнгэрийн нохой”, “Авралын орон Эргүнэ гүн үлгэр хэлэв үү, шашдир хүүрнэв үү” (2015), “Хэлмэгдсэн заяа” (1999), “Егүүтгэгдсэн заяа” (2002), “Рупен Хорьдугаар зууны монголчууд”, “Хамбын овооны яс юу өгүүлнэ вэ? “, “Хаднаа шингэсэн аялгуу оршивой” зэрэг 30-аад ном туурвижээ.

Гадаад хэлээр гарсан ном өгүүлэл: “Эмтрээ нь үгүй эрдэнэ” /өгүүлэл/ Японд япон хэлээр, Өвөр Монголд монгол бичгээр, “Тэнгэрийн нохой” англи, хятад хэлээр хоёр өөр хүний /Яаокечин, Бөхөө нарын/ орчуулгаар Бээжин, Хөх хот хоёрт хэвлэгдсэн. “Хөрстөд ганц Чингис хаан буюу Хөх монголчуудын өлзий учрал” /ном/ англи хэлээр. “Авралын орон Эргүнэ гүн үлгэр хэлэв үү, шашдир хүүрнэв үү” /ном/ англи хэлээр. “Эргэсэн хасын нууц буюу Эзэн Чингисийн сүлдний учиг” /ном/ англи хэлээр, “Чингисийн билиг” /ном/ англи, монгол хэлээр, “Атилла хааны удмынхан алтан нарандаа мөргөсөөр” монгол, англи болон унгар хэлээр. Өвөр Монголд “Монгол өвөрмөц хэлцийн толь”, “Цаазын тавцан”, “Тэнгэрийн нохой”, “Зуун жилийн ганцаардал”, “Орчуулгын санг уудлахад” зэрэг 20 гаруй ном өгүүлэл нь монгол бичгээр хэвлэгдсэн ажээ.

By admin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн