Сэтгүүлч Б.Батцэцэг Соёлын сайд асан Ч.Номинг төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, сэтгүүлчийн мэдээлэл авах эрхэнд саад учруулсан, мөн авлигын шинжтэй үйлдэл гаргасан байж болзошгүй гэж үзэн АТГ-т гомдол гаргасан байна.
Тэрээр “Өнөөдөр миний бие зургаан сарын турш судалж, тодруулсан асуудлынхаа хүрээнд АТГ-т гомдол гаргаж байна. Энэ хугацаанд Монгол Улсыг гадаадын улс орнуудад сурталчлах нэрийн дор гаргасан зардлын талаарх мэдээллийг холбогдох албан тушаалтнуудаас удаа дараа авах гэж оролдсон ч баттай хариулт авч чадсангүй.Тухайлбал, Go Mongolia, Welcome Mongolia нэртэй хоёр ажлын хүрээнд хэдэн төгрөг зарцуулсан, ямар ажил хийсэн талаар тодруулахад тус бүр өөр өөр тоо, тайлбар өгч байсан. Эхэндээ 400 мянган ам.доллар гэж байсан бол дараа нь 500 мянган ам.доллар болсон. Удалгүй энэ тоо 1 сая ам.доллар болж өссөн. Мөн уг ажлын хөрөнгийн эх үүсвэр нь нэг бол хувийн хэвшил, эсвэл Дэлхийн банк, эсвэл Засгийн газар гэхчлэн байнга өөрчлөгдөн тайлбарлагдаж байсан.Харин шилэн дансанд энэ бүхний талаар ямар ч мэдээлэл байхгүй. Бидний олж авсан зарим тушаалууд бүгд 1 тэрбум төгрөгөөс дээш дүнтэй байгаа нь анхаарал татаж байна. Тиймээс энэ мөнгө Монголын татвар төлөгчдийн халааснаас гарсан эсэхийг тодруулах шаардлагатай гэж үзсэн.Шилэн дансанд байршуулах ёстой мэдээллээ гаргахгүй байгаа нь ил тод, хариуцлагатай байх зарчимд нийцэхгүй. Тиймээс Соёлын сайд асан Ч.Номинг Эрүүгийн хуулийн 22.1-д заасан үндэслэлээр шалгуулах хүсэлтээ гаргаж байна. Монгол Улсын иргэн бүр татвараар төлж буй мөнгө нь хэрхэн зарцуулагдаж байгааг мэдэх, хяналт тавих эрхтэй байх ёстой гэж үзэж байна” гэлээ.