Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлыг хамгаалах төрийн бодлого, зарчмыг хэрэгжүүлэх, үр нөлөөтэй нийгмийн түншлэлийг хөгжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үндэсний тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Үүнтэй холбогдуулан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах чиг үүрэг бүхий ажлыг хэсэг байгуулагдан хуулийн төслийг боловсруулсан юм.

Хуулийн төслийг эрсдэл өндөртэй салбарын төрийн байгууллага, томоохон аж ахуйн нэгж, байгууллага, хувийн арилжааны даатгалын байгууллага, Нийслэлийн 9 дүүргийн ХАБЭА-н зөвлөл, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний гуравдугаар чуулган болон холбогдох төрийн бус байгууллагын төлөөлөлд танилцуулан 20 гаруй удаагийн хэлэлцүүлэг, сэдэвчилсэн уулзалтыг зохион байгуулаад байна.

Энэ удаагийн хэлэлцүүлгээр ХАБЭА-н тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас хөдөлмөрийн хүрээний суурь зарчимтай уялдуулан ирүүлсэн техникийн санал, зөвлөмжийг ОУХБ-ын Хуулийн мэргэжилтэн Тү Вэй танилцуулж, нийгмийн түншлэгч талууд, төр, төрийн бус байгууллага болон аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл байр сууриа илэрхийллээ.

Манай яамнаас Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг шинэчлэн боловсруулахад шаардагдах судалгаа, шинжилгээ хийснээс гадна Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу хуулийн төслийн үзэл баримтлалыг батлуулж, хуулийн төслийн хэрэгцээ шаардлагыг урьдчилан тандан судалгаа, үр нөлөөний үнэлгээ, хуулийн төсөл хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог хийж, хуулийн төсөлд холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн болон судалгааны 25 байгууллагын саналыг авч нэгтгэж байна.

Энэ удаагийн хэлэлцүүлгийг Европын Холбооны санхүүжилттэй ОУХБ-с хэрэгжүүлж буй “Зохистой хөдөлмөр ба худалдаа” төслийн дэмжлэгтэйгээр зохион байгууллаа.

By admin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн