Монгол Улс ирэх жил хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалтын бүтээн байгуулалт хийх, үрэх, зарах, олох тухай 2026 оны төсвийн хэлэлцүүлэг ид өрнөж байна. Иргэдийнхээ амь амьжиргааг дээшлүүлэх, ам ажлын зөрүүг арилгах талаар ч маргаан өрнөсөөр. Үүний хажуугаар МАН доторх намын даргын төлөөх бужигнаан ид хүчээ аваад байгаа. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан сайт, сошиалаар “Би даргад өрсөлдөнө. Болино гэж байхгүй” гээд л бөмбөгдпөж эхэлсэн.

Улс орны эрх ашгийн асуудал мэт ийнхүү аашлах нь хэр оновчтой үйлдэл вэ гэдэг сонин. Магадгүй тэрхүү өндөөр сэнтийд заларснаар түүний эрх ашгийн асуудал цэгцрэх учир тийнхүү улайран махарч, УИХ-ын даргын суудал багадаж, өнөөдрийн алба нь огт хамаагүй мэт санагдах болсон мэт. Түүний улангассан тэмүүлэлд ташуур өгөх хүн ч цөөнөөр тоологдохгүй байна. Гэхдээ аливаа асуудлын эрэмбэ дараалал, нийтийн эрх ашгийн талаар бодох нь түүнд илүүдэхгүй. Яахав намын даргын зөөлөн суудал, тамганд санааширч яваа бол түмний төлөө төрийн бодлого боловсруулж, ши йдвэр гаргах ажлаа нэг мөсөн өгчихсөн нь дээр биз. Эрхэм УИХ-ын даргын улайрлыг иргэд ч таатай хүлээн авахгүй байгаа аж.

Харин Ерөнхий сайд Г.Занданшатар “Улс орны эрх ашиг эн тэргүүнд байх ёстой. Улс төр нь бага, ажил нь их байгаасай гэж олон түмэн хүсэж байна. Төрийн индэр бол намын индэр биш. Төсвийн асуудлыг төрийн ордондоо ярина. Намын асуудлыг намын байрандаа, Тусгаар тогтнолын ордондоо тусдаа тодорхой ярина. Хэн чанга дуугарсан нь, хэн олон пост оруулсан нь намын дарга болдоггүй. Хэн намын дарга болохыг тэгш эрх, шударга ёс, эв нэгдлийн зарчмыг эрхэмлэсэн намын гишүүд олонхоороо шийднэ ээ. Улс төрөө биш урдах ажлаа сайн хийцгээе. 240 мянган иргэн саналаа өгсөн улсын төсөвт нийтээрээ анхаарцгаая” гэж уриалсан байна.

Мэдээж хэрэг, эх орныхоо ирээдүй, хөгжлийн бодлогод анхаарахгүй яваа нь хэн хүнийг бухимдуулах үйлдэл. Хууль тогтоох байгууллагын дарга ухаантай юм бол та уужуугаар сэтгэж урдах ажлаа нэн тэргүүнд тавина уу.

By admin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн