зар өдөр тутмын ажлынхаа төвд үргүй зардлыг танах, сахилга хариуцлагыг чангалан тогтоох бодлогыг тавьсан. Тиймээс:
· ДНБ-ий 35.1%-ийг эзэлж байсан төсвийн зарлагыг 32.2% болгон бууруулна.
· Урсгал зардлыг 26.6%-аас 24% болгон танаж, сахилга бат, хариуцлагыг бэхжүүлнэ.
Ашиг бус алдагдал үйлдвэрлэдэг төрийн өмчит компаниудыг татан буулгаж, нэгтгэн цомхотгож, зах зээлд чөлөөт өрсөлдөөний орон зайг нээж өгнө. Үр дүнд нь төрийн өмчит компаниудын тоо 109-өөс 87, төрийн албан хаагчдын тоо 230 мянгаас 218 мянга болж буурна.
Мөн 2026 оноос төрийн өмчит компаниудын худалдан авалтыг бүрэн цахимжуулж, хүний оролцоог багасгаж, хиймэл оюун ухааныг нэвтрүүлж эхэлнэ.
Эрдэнэт үйлдвэр худалдан авалтдаа хиймэл оюун ухааныг туршин эхэлсэн нь ил тод, эрүүл шударга засаглалыг тогтоон бэхжүүлэхэд гаргасан бодит жишээ, сайн санаачилга болж байна.
Монголчууд бид уул уурхайн түүхий эдийн үнэд хэт найдсан түүхээ өөрчлөх учиртай. Байгалийн баялгаас гадна эдийн засгаа олон тулгууртай болгож, бизнес эрхлэгчдээ хөрөнгө, зах зээл, дэд бүтцээр дэмжинэ.
Аялал жуулчлал бол нэг долларыг хоёр болгон өсгөдөг, 600 гаруй мэргэжлийн хүнд шууд орлого олгодог, нүүдлийн өв соёлоо дэлхийд таниулах үнэт салбар. Энэ салбарт 267 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 150 гаруй ААН-ийн дэд бүтэц, үйлчилгээний чанарыг сайжруулна.
“Хүнс эрүүл бол хүн эрүүл, хүн эрүүл бол Монгол Улс хүчирхэг байна.” Иймээс хүнсний гол нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахын зэрэгцээ экспортын боломжоо тэлнэ.
Малын тоо толгой өсөн үржиж байгаа ч үр шим нь ахихгүй, “цагаан алт” ноос, ноолуур, арьс ширээ жалганд хаяж, улмаар жил бүр 190 сая ам.долларын ноолууран хувцас, арьс ширэн бүтээгдэхүүнийг гадаадаас импортолж байна. Энэ бол гашуун үнэн.
Тиймээс малчид, тариаланчдынхаа хүч хөдөлмөрийг бодит өгөөж болгохын тулд “Цагаан Алт”, “Шинэ хоршоо”, “Атрын IV аян” зэрэг бодлого, хөдөлгөөнөө үр дүнтэй үргэлжлүүлнэ. Ирэх онд 995.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 мянга гаруй иргэн, аж ахуйн нэгж, хоршоодод олгож, үйлдвэрлэл, бүтээн байгуулалтыг бодитоор дэмжинэ.
Эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын 2026 оны төсөв бол 240 мянган иргэний хүсэл зорилго, санал зөвлөмжөөр баяжсан, ардчилсан зөвшилцлийн төсөв юм.
Энэ бол татварын ачааллыг ард түмний нуруунаас хөнгөлж, данхар төрийн оролцоог хумьж, хүн чанартай бодлогын шинэчлэл эхлүүлсэн төсөв юм.
Бид 2026 оны төсвийг мөнгөний бодлоготой уялдуулснаар:
Эдийн засгийн өсөлтөө 5.7%-д хүргэх,
Цалин орлогыг хумслагч инфляцын долоон хувиас давуулахгүй хазаарлах,
Экспортыг 16.7 тэрбум ам.долларт хүргэх зорилтуудыг дэвшүүлж байна
Төсвийн орлогоо 31 их наяд 600 тэрбум төгрөг, төсвийн зарлагаа 32 их наяд 980 тэрбум төгрөг, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг нэг их наяд 380 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар тооцлоо.
Гадаад зах зээл, түүхий эдийн үнийн төлөв, дотоод эдийн засгийн эрсдэл, боломжийг нягт харгалзан төсвийн орлогоо аль болох бодитой, хэрэгжихүйц байдлаар төлөвлөхийг зорилоо.
Улсын төсөв бол Монгол хэмээх нэгэн их өрх айлын орлого зарлага, амьдрал ахуй ямар байхыг шийдэх хууль билээ.
Улсын төсөв бол эмч, багш, төрийн албан хаагчдын цалин хөлс, эмнэлгийн эм тариа, сургууль, цэцэрлэг, айл өрхийн гэрэл дулаан билээ.
Татвар төлөгчийн хөдөлмөрийн дусал бүр зөв зарцуулагдаж, ард иргэдийн амьдралд бодит өгөөжөө өгөх ёстой. 2026 оны төсөв бол тоо бус чанар, мөнгө бус хүн, хэлбэр бус агуулгыг эрхэмлэсэн хүний хөгжлийн мега төслийн үндэс юм.
Ард түмний элч төлөөлөгч болсон эрхэм гишүүд ээ, 200 мянга гаруй иргэнийхээ санал, хүсэл эрмэлзлийг шингээсэн ардчилсан зөвшилцлийн төсвийг улс орныхоо язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлж, хамтдаа хэлэлцэн баталж, ирээдүйгээ хамтдаа бүтээцгээе.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.
Анхаарал тавьсанд Та бүхэнд баярлалаа.