Монгол Улсын анхдагч улс төрийн хүчин дотор намын даргын сунгаа явагдахаар боллоо. Төр засгийн эрхийг гартаа төвлөрүүлэн суугаа МАН дараагийн даргаа хэрхэн сонгох вэ гэдэг хэн бүхний сонирхлыг татаж эхлэв. Хайрцганд асуудлаа шийддэг гэх тус улс төрийн хүчин энэ удаа толгойлогчоо сонгохдоо дүрмээрээ тоглох уу эсвэл гэсэн сонголтын өмнө зогсож байна. Яахав дүрмийн дагуу шаардлагаа хангасан хүн бол Ерөнхий сайд Г.Занданшатар мөн. Гэвч дүрмээс гажууд тоглолт зохион байгуулахыг УИХ-ын дарга санал болгочихлоо, өнөөдөр.

Их хурлын хойморт залрах, 126 гишүүний толгойлогч Д.Амарбаясгалан парламентаас гадна нам толгойлох хүсэлтэй гэдгээ ил тод зарлалаа. Хэтийн хүсэл нь хууль тогтоох байгууллагын ч дарга, дээр нь намын дарга болох юм уу даа.

Эндээс нэг зүйл тодорхой харагдаж байгаа нь ах нартайгаа заамдалцаж, нэгийгээ үзье гэсэн хүсэл зориг. Гэвч тулаанд ялах магадлал хэр бол. Түүнтэй гар барилцсан нөхдүүд дэм болж чадах уу гээд олон асуулт ургана. Ашиг сонирхолд тулгуурласан үзэл санаа нэгдээгүй хүмүүс намаа авч даргаараа томилно гэхээр задрал үүсэхгүй гэх баталгаагүй. Ингэж хэлэхийн учир нь, Л.Оюун-Эрдэнэ иртэй, бяртай байхдаа Д.Амарбаясгаланг “Админерал”-аар нь барьцаалж, нүүрсний хулгайд нэрийг нь цоллуулж, элдэвлэн үйлийг нь үзэж байсан нь саяхан. Ёстой л түүний гай гамшгийг хэрхэн дэлгэж байсныг санах биз. Гэтэл өнөөдөр гар барьж, хүзүү, сээрээрээ холбогдох шахам намын даргад дэмжиж байгаа нь цаанаа учиртай. Аливаа асуудалд ашиг сонирхол гэж байх. Ёстой л кинонд гардаг шиг “хүрээний бузрыг яривал далай далай” гэж Итгэлт баян хэлдэг шиг. УИХ-ын дарга намын даргад зүтгэх шалтгаан бий. Бор тээгийн ордын асуудал хөндөгдөж эхэлсэн нь түүний санааг чилээх том асуудал. Түүний хувьд эсэн мэнд үлдэх ганц зам нь нам толгойлж, засаг толгойлох. Хүчээ үзэж, ах нараа базалж чадвал хууль тогтоох байгууллагын даргаа өгч, засаг тэргүүлж, асуудлуудыг ээлж дарааллан намжаана. Мэргэн санаа, оновчтой арга энэ.

Үүнийг гнь хэрэгжүүлэх гол чиглүүлэгч нь тодорхойг хэн хүнгүй ярьж, сошиал даяар шуугиж байна. Том эрх мэдэл, зөөлөн суудлаасаа мулт татуулсан Л.Оюун-Эрдэнэ. Энэ хүн хэрхэн байр сууриа дахин батжуулах вэ гэдэг бодол тархинд нь эргэлдэж л байгаа. Энэ ч утгаараа Д.Амарбаясгаланд намын даргын тамгыг атгуулж, намынхаа томоохон тоглогчоор тодрох боломж бүрдүүлэх юм. Л.Оюун-Эрдэнэ дасгалжуулагчтай багийн тамирчин Д.Амарбаясгалан намын бага болон их хурал гэж нэртэй тэмцээнд хэрхэн оролцохыг таашгүй.

Тэмцэлдээн удаашрахгүй түргэн байвал сайн. Яагаад гэвэл элдвээр биенээ дуудалцаж, худал хуурмагаар байлдаж, хэвлэлийн мэдээгээр булалцаж, хавчуурганд нь түмний тархийг эргүүлэх юм.

Ямартай ч Л.Амарбаясгаланг Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ дасгалжуулан, дэмжлэгтэй байгаа гэдэг яриа улс төрийн хүрээнд ил цагаан яригдаж эхэлсэн байна. Ийнхүү МАН-ын хурлын товыг Л.Оюун-Эрдэнэ зарлаж, тулааныг эхлүүлэх үлдлээ.

Анхдагч намынхан удирдагчаа сонгох тэр цагт дагаж мөрддөг дүрмээ дагах уу, дуулиан шуугиантайхан тулаан зохион байгуулж “рингэнд” гарах уу гэдэг үлдлээ.

By admin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн