Энэ сарын 13-ны Бямба гарагт “Автомашингүй өдөр” болно. Уг арга хэмжээний үеэр замын хөдөлгөөнийг хаанаас хаа хүртэл хааж, ямар арга хэмжээ авах талаар ТЦА-наас мэдээлэл хийлээ.

Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир “Улаанбаатар хотод жилд хоёр удаа автомашингүй өдрийг зохион байгуулдаг. Энэ удаагийн автомашингүй өдөр есдүгээр сарын 13-ны Бямба гарагт 07:00-18:00 цагийн хооронд болно. Автомашингүй өдрөөр Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, Хүнсний дөрөвдүгээр дэлгүүр, СУИС-ийн уулзвар, Японы ЭСЯ-ны урд, Баянгол зочид буудал, Цирк, Өгөөжийн уулзварын замын хөдөлгөөнийг хаана.
Замын хөдөлгөөнийг хаасан бүс рүү цахилгаан скүүтэр, суррон, мопедийг оруулахгүй. Жил бүрийн автомашингүй өдрөөр эдгээр хэрэгсэлд явган зорчигч болон хүүхэд мөргүүлж, гэмтсэн дуудлага 5-6 бүртгэгдэж байсан. Эцэг эх, асран хамгаалагч нар автомашингүй өдрөөр хүүхдээ гараасаа хөтөлж, аюулгүй алхахыг зөвлөе. Бямба гарагт автомашингүй бүсээс бусад гудамж, замд улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт үйлчлэх бөгөөд сондгой тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. Иргэд хөдөө гадаа явах гэж байгаа бол Бямба гаргаас өмнө хаагдах бүсээс автомашинаа гаргаж тавихыг анхааруулж байна” гэж хэллээ.