Баялгийн үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх Үндсэн хууль болон Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд Засгийн газар онцгой анхаарч байна.
Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн дарга, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу ЗГХЭГ-ын дэд дарга Цолмонгоор ахлуулсан дэд ажлын хэсэг 2025.09.09-ний өдөр Ачит Ихт ХХК, Зэс Эрдэнийн хувь ХХК-ийн итгэмжлэгдсэн бүрэлдэхүүнтэй уулзалт хийлээ.

Эргэн сануулбал,
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт наймдугаар сарын 23-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйл ажиллагаатай танилцах үеэрээ Эрдэнэтийн үүсмэл орд ашиглагч ЭРДМИН ХХК, АЧИТ ИХТ ХХК, ЗЭС ЭРДЭНИЙН ХУВЬ компанийн төлөөллүүдтэй уулзалт хийж, 30 хоногийн хугацаанд нэгдсэн шийдвэрт хүрч, шийдэл гаргаж ажиллахыг албаныханд үүрэг болгосон.
Энэ дагуу дэд ажлын хэсэг ажилдаа ороод байна. Энэ хүрээнд дэд ажлын хэсгийн хуралдаанаар дараах хэд хэдэн асуудлаар мэдээлэл солилцож төрийн эзэмших хувь хэмжээг тогтоох, баялгийн өгөөжийг ард түмэнд хүртээх ажлыг шуурхайлах дээр санал нэгдлээ.
Үүнд:
-Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох,
-АМНАТ-аар орлуулах эсэх талаар саналын төсөл боловсруулахад тусгах санал,
-Үүсмэл орд ашиглагчдын үйл ажиллагаа, санхүүгийн тайлан, борлуулалт,
-Одоогийн үйл ажиллагаа нь өмнө батлагдсан ТЭЗҮ-д нийцэж байгаа эсэх;
-Үүсмэл орд ашиглагч компанийн талаас дэвшүүлж буй санал, байр суурийг сонслоо.
-Үндэсний баялгийн санд /ҮБС/ баялгийн өгөөжийг төвлөрүүлэх, төр хуулиар эзэмших ёстой хувиа ямар ч үнэ төлбөргүй эзэмшиж, өгөөжийг нь ард түмэнд хүртээх ажлыг шуурхайлж, богино хугацаанд шийдвэрт хүрэхэд талууд үр дүн гаргаж хамтран ажиллахаар тохирсон байна.