Өнөөдөр Монгол Улс, Иордан, Тунис, Испани болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төлөөллүүд хүнсний тогтолцоог уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын алдагдал, газрын доройтол зэрэг харилцан уялдаатай сорилтуудыг шийдвэрлэх талаар хэлэлцэж гарц шийдлийг тодорхойлов.

Монгол Улсыг төлөөлөн ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн хэлэлцүүлэгт оролцож салбарын байр суурийг илэрхийлж, боломж шийдлийг хэлэлцүүлэв.

Хэлэлцүүлгээр Риогийн гурван конвенцын хүрээнд хэрэгжиж буй бодлогууд салангид бус, уялдаа холбоотой бодлого, хөрөнгө оруулалт, хэрэгжилтээр дэмжих шаардлагатайг онцолсон. Түүнчлэн хүнсний тогтолцооны шинэчлэл нь уур амьсгалын тэсвэртэй байдал, биологийн олон янз байдлын хамгаалал, газрын нөхөн сэргээлт, хүнсний аюулгүй байдал, хөдөөгийн иргэдийн амьжиргаанд нэгэн зэрэг үр өгөөж өгөх боломжтойг тэмдэглэлээ.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь улс орнуудын уур амьсгал, байгаль, газар, хүнсний тогтолцооны бодлогыг уялдуулах, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, төрийн болон хувийн хөрөнгө оруулалтыг нэгдсэн хөгжлийн зорилтуудад чиглүүлэхэд дэмжлэг үзүүлж байна.

 БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ХҮНСНИЙ ТОГТОЛЦОО: НЭКСУС ШИЙДЭЛ

Өнөөдөр хүнсний асуудлыг хөндсөн хоёр дахь онцлог хэлэлцүүлгийг “Хүнсний тогтолцоо ба эрүүл хөрсний өдөр”-ийн хүрээнд “Бодлогын уялдаанаас нэгдсэн хэрэгжилт рүү” сэдвийн дор ХХААХҮЯ болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулав.

Хэлэлцүүлгээр “Хүнсний тогтолцооны өөрчлөлтөөр Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг дэмжих” төслийн үр дүн болон биологийн олон янз байдал, ус, хүнс, амьжиргаа, эрүүл мэнд, уур амьсгалын харилцан хамаарлыг 21 аймаг, бүс болон үндэсний түвшинд тодорхойлсон НЭКСУС үнэлгээний урьдчилсан үр дүнг танилцууллаа.

Энэхүү нэгдсэн үнэлгээ нь хүнс, хөдөө аж ахуйн салбарын бодлогуудын зорилтыг бодит хэрэгжилттэй холбох нотолгоонд суурилсан шийдлүүд болох ба Риогийн гурван конвенцын хэрэгжилтийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах юм.

By admin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн