Ж.Баттөгс захирал “Нүүдэлчин агро ферм”-ийн үүсгэн байгуулагч.
Тэр монголын эрчимжсэн мал аж ахуй, сүүний үйлдвэрлэлийн салбарт кластерын тогтолцоог анхлан нэвтрүүлсэн манлайлагчдын нэг.
Монголын хөдөө аж ахуй уламжлалт аргаасаа технологи, бүтээмж, эрчимжсэн үйлдвэрлэлд шилжих ёстойг өөрийн биеэр үлгэрлэж буй хүн дээ.
Тэрээр Төв аймгийн Угтаалцайдам суманд “Нүүдэлчин Агро Ферм”-ийн менежмент дор 600 саалийн үнээний аж ахуй байгуулж, мал аж ахуй, газар тариаланг нэг цогц үйлдвэрлэлийн хэлхээнд холбох ажлыг эхлүүлээд байна.
Тус компани өмнө нь сүүний кластер фермүүдийг хөгжүүлж, дотоодын үйлдвэрүүдэд тогтвортой сүү нийлүүлэх загварыг бий болгосон туршлагатай.
Саалийн үнээний тэжээлээ тариална. Сүүгээ үйлдвэрт нийлүүлнэ. Үхрийн шивхээ хүртэл бордоо болгон хөрсөө эрүүлжүүлж, хаягдалгүй, эргэлтийн эдийн засгийг бий болгохыг зорьж байгаа гэнэ.
Малын шивх буюу аргал хөрзөн, өтөг бууцнаас газ хүртэл гаргахаар төлөвлөжээ.
Буянтай айлын бух тугалладаг гэгчээр ажилсаг бүтээлч хүний санаачилсан ажлын үр дүнг олон иргэн хүртэж, эрчимжсэн аж ахуйн хөгжилд эргэлт гарч байгааг харах сайхан байлаа.
Малаа чанаржуулж, тариалангаа эрчимжүүлж, түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгох нь хөдөөгийн хөгжлийн гарц.
Монгол хүн монгол нутгийнхаа хөрсөнд ургуулсан тэжээлээр малаа тэжээж, эх орондоо үйлдвэрлэсэн сүү, хүнсээр иргэдээ хангахаас илүү буянтай ажил юусан билээ.
Сүүн соёлыг түгээн дэлгэрүүлж, эрүүл хүнс үйлдвэрлэж, баялаг бүтээж буй фермерүүддээ амжилт хүсье