COP17-ын Ногоон бүсэд “Монголын малын гаралтай бүтээгдэхүүний тогтвортой нийлүүлэлтийн сүлжээ ба ногоон шилжилт” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.

Хэлэлцүүлгийг Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын ноолуур, арьс ширний нийлүүлэлтийн сүлжээнээс химийн хорт болон аюултай бодисын хэрэглээг халах нь” төслийн хүрээнд зохион байгуулав.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгч Лионел Лорон нар хэлэлцүүлгийг нээж үг хэлэв. Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн хэлсэн үгэндээ байгальд ээлтэй үйлдвэрлэл, тойрог эдийн засаг, олон улсад өрсөлдөх чадвар салшгүй холбоотой. Байгаль орчинд ээлтэй менежментийг нэвтрүүлж, мөрдөн мөшгөх тогтолцоо, хариуцлагатай байдлыг бэхжүүлснээр зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэнэ гэдгийг онцоллоо.

Тус хэлэлцүүлэгт төрийн байгууллага, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, хөгжлийн түншүүдийн төлөөлөл оролцож, ноолуур, ноос, арьс ширний салбарын тогтвортой нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэх, химийн аюулгүй менежментийг сайжруулах, цэвэр үйлдвэрлэл, мөрдөн мөшгөх тогтолцоо, ногоон хөрөнгө оруулалт, экспортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцов.

Панел хэлэлцүүлгийн үеэр оролцогчид Монголын малын гаралтай бүтээгдэхүүний салбарын өрсөлдөх чадвар нь зөвхөн үйлдвэрлэлийн шатнаас бус, бэлчээрийн тогтвортой менежмент, газрын доройтлыг бууруулах бодлого, мал аж ахуйн тогтвортой хөгжлөөс эхэлдэг болохыг онцоллоо. Мөн ногоон шилжилт нь байгаль орчны асуудал төдийгүй үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээгдэхүүний үнэ цэн, олон улсын зах зээл дэх өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бизнесийн томоохон боломж болохыг тэмдэглэв.

Хэлэлцүүлгийн үр дүнд олон улсын зах зээлд бүтээгдэхүүний гарал үүсэл, мөрдөн мөшгөх тогтолцоо, үйлдвэрлэлийн ил тод байдал улам бүр чухал болж байгааг онцолж, инновац, технологийн шинэчлэл, ногоон хөрөнгө оруулалт, төр-хувийн хэвшил-хөгжлийн түншүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай гэдэгт оролцогчид санал нэгдлээ.

By admin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн