Говьсүмбэр аймагт зохион байгуулагдсан Говийн бүсийн олон улсын малчдын хэлэлцүүлгээр Дэлхийн малчдын тунхаглал, Эмэгтэй малчдын тунхаглал, Залуу малчдын тунхаглалын төслүүдийг хэлэлцэж, оролцогчдын санал, зөвлөмжийг нэгтгэлээ.

Дэлхийн олон улс оронд нүүдлийн болон бэлчээрт суурилсан мал аж ахуй эрхлэн амьдарч буй малчид өөр өөрийн онцлог бүхий нөхцөлд амьдарч, үйлдвэрлэл эрхэлж байна. Тэдгээрийн амьдралын хэв маяг, байгаль, цаг уурын нөхцөл харилцан адилгүй боловч бэлчээрийн доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, усны хүртээмж, зах зээлийн нөхцөл, амьжиргааны тогтвортой байдал зэрэг тулгамдсан асуудал олон талаар нийтлэг байгааг малчид онцлов.

Говийн бүсийн олон улсын малчдын хэлэлцүүлгийн үеэр эдгээр нийтлэг сорилтыг даван туулах гарц, шийдлийн талаар малчид, оролцогчид санал солилцож, бэлчээрийн тогтвортой менежмент, цөлжилтөөс сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, малчдын амьжиргааг тогтвортой хангах, эмэгтэй болон залуу малчдын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр санал боловсрууллаа.

Түүнчлэн Говийн бүсийн малчдын олон үе дамжин хадгалж, уламжлуулж ирсэн мэдлэг, туршлага, өнөөгийн нөхцөлд тулгамдаж буй асуудал, хэрэгжүүлж буй сайн туршлагыг Дэлхийн малчдын тунхаглал, Эмэгтэй малчдын тунхаглал, Залуу малчдын тунхаглалын төслүүдэд тусгах санал гаргав.

Хэлэлцүүлгийн онцлог нь өөр өөр тив, улс орны малчид Монголын Говьд нэг дор цуглан, өөр өөр байгаль, цаг уурын нөхцөлд амьдарч, мал аж ахуй эрхэлдэг хэдий ч нийтлэг сорилттой нүүр тулж буйгаа хуваалцаж, хамтын шийдлийг хоёр өдрийн турш эрэлхийлсэн явдал байлаа.

Говийн бүсийн хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг бусад бүсийн хэлэлцүүлгийн үр дүнтэй нэгтгэн 2026 оны 8 дугаар сарын 14,15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Дэлхийн малчдын чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэж тунхаглалуудыг эцэслэн батална.

Монголын Говийн малчдын олон үе дамжин өвлөж ирсэн уламжлалт мэдлэг, туршлага ийнхүү дэлхийн малчдын нийтлэг байр суурийг тодорхойлоход хувь нэмрээ оруулж, бэлчээр болон нүүдлийн мал аж ахуйн тогтвортой ирээдүйн талаарх олон улсын хэлэлцүүлэгт Монголын малчдын дуу хоолойг хүргэж байна.

By admin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн