ХХААХҮЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Баярсайхан өнөөдөр БНХАУ-ын Цинхуа, Хэбэй их сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Тухайлбал, БНХАУ-ын ШУА-ийн академич, Хэбэй их сургууль, БНХАУ-ын ШУА-ийн Амьдралын ухааны хүрээлэнгийн ректор Кан Лэ, Мембран биологийн улсын түлхүүр лабораторийн захирал, Цинхуа их сургуулийн Амьдралын ухааны сургуулийн профессор Ю Ли, Бээжингийн их сургуулийн Дэвшилтэт хөдөө аж ахуйн шинжлэх ухааны хүрээлэнгийн дэд захирал, тэргүүлэх судлаач Сү Диндин, Walvax Bio technology-ийн ахлах зөвлөх Эндрю Вон, “Де” группийн судлаач Иден Цаи нар уулзалтад оролцов.

2026 оны 07 дугаар сарын 28-29-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Bio Mongolia Day 2026” олон улсын арга хэмжээний үеэр Монгол Улсын Шинжлэх ухааны академи, БНХАУ-ын Цинхуа их сургуулийн хамтарсан судалгааны төвийн нээлтийн ёслол болсон юм. Энэхүү хамтарсан төв нээгдсэнээр Монгол Улсад хүн болон мал, амьтны вакциныг үйлдвэрлэх технологи солилцох, хоёр улсын залуу мэргэжилтнүүд хооронд туршлага солилцох үүд хаалга нээгдэж байгаа гэдгийг өнөөдрийн уулзалтаар хоёр тал санал нэгтэй тэмдэглэлээ.
Тус судалгааны төв нь Монгол Улсын анагаах ухааны судалгааны хөгжилд томоохон хувь нэмэр оруулж, нийтийн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахад чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа талууд илэрхийлэв.
