Цөлжилттэй тэмцэх Нэгдсэн Үндэстний Байгууллага(НҮБ)-ын конвенцын талуудын XVII Бага хурлыг (COP17) наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулна. Олон улсын энэхүү хурлын бэлтгэл ажил 60 гаруй хувьтай яваа ба барагцаагаар 4000-6000 зочин ирэх тооцоо гарчээ. Энэ талаар Ц.Сандаг-Очир сайд “Цөлжилттэй тэмцэх НҮБ ын конвенцын талуудын XVII Бага хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг 2024 оноос эхлүүлсэн. Хурлыг зохион байгуулах байршлыг НҮБ-аас сонгосон. Аюулгүй байдал нь хамгийн чухал тул эргэн тойрондоо өндөр барилгагүй, дэд бүтэц гэх мэтчилэн бүх талыг харгалзаад НҮБ-ын Конвенцын талынхан Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнг сонгосон. Ойролцоо нь Туул голын усны нөөцийн хамгаалалтын бүс байгаа тул 50 метрийн радиусаас нь холдуулж, худгуудыг хамгаалж хашаажуулах ажлыг хийсэн. Хурлын дараа Цэцэрлэгт хүрээлэн томоохон дэд бүтэц болон үлдэнэ гэв.
Дэд сайд Б.Мөнхтамир “COP17” Бага хурлыг зохион байгуулах төсөв анх 301 тэрбум төгрөг байсныг зарим зардлыг хэмнэж, 250 орчим тэрбум төгрөг болгосон гэлээ. Уг зардлыг барилга байгууламж, тоног төхөөрөмжид зарцуулах аж.