Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газрын удирдлага, хамт олонтой уулзлаа. Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Х.Алтангэрэл нар байлцав.

Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургулан, Мал эмнэлгийн газрын дарга Ч.Буян-Өлзий нар тус тусын байгууллагын үйл ажиллагааг танилцуулав. Сайд Ц.Идэрбат хүнс, хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн нөхцөл байдал, онцлох бодлого, үйл ажиллагаа, анхаарах зүйл болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Уулзалтын үеэр орон нутгийн хүнс, хөдөө аж ахуй, мал эмнэлгийн байгууллагуудад тулгамдаж буй асуудлуудаа салбарын сайдад танилцуулж, тодорхой санал хүсэлтүүд уламжлав. Тухайлбал,

• Орон нутагт анхан шатанд хөдөө аж ахуй, мал эмнэлгийн мэргэжилтэй боловсон хүчин дутагдалтай байгаа. Тухайлбал, мал эмнэлгийн зарим тасагт тархвар зүйч дутагдалтай байна.

• Мал эмнэлгийн газрын одоо үйл ажиллагаа явуулж буй барилга ашиглалтын шаардлага хангахгүй болж актлагдсан тул шинэ байр бариулах шаардлагатай байгаа.

• Албан хэрэгцээнд ашиглаж буй тээврийн хэрэгслүүдийн насжилт хэтэрч, техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлын шаардлага хангахгүй болсон гэх мэт.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат салбарын анхан, дунд шатны байгууллагуудад тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх боломж, шийдлийн талаар байр сууриа илэрхийлж, цаашид аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газрын хэмжээнд тулгарч буй нийтлэг асуудлыг цогцоор нь шийдэх бодлого баримталж байгааг хэллээ.

By admin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн