Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй.
Монгол Улсын Ерөнхийлөгч төр, засагтаа итгэх ард түмний итгэлийг сэргээх, эв нэгдлийг хангах, ардчилсан парламентын засаглал, парламентын дархлааг улам бататган бэхжүүлэх, УИХ-ын гишүүний ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн.
Парламентын дархлаа гэдэг нь хуулийн хамгаалалтаас илүү ард түмнийхээ итгэл, сэтгэл дээр оршдог гэдгийг ямагт санаж явах учиртай. Гэтэл энэ их итгэл, сэтгэлийг умартан иргэд сонгогчдынхоо дургүйцлийг дэвэргэх нь парламентыг дотроос нь нураах хамгийн том аюул гэдгийг санаж байх хэрэгтэй.
Хэрэв та ард түмнийхээ итгэл, сэтгэлийг дааж байгаа бол энэ хууль таныг хамгаална. Үүнээс айх хэрэг огт байхгүй.