Төрийн түшээдийн эрх ямбыг хазаарлах хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачилан өргөн мэдүүлэхээр болсон билээ. Тэгвэл өнөөдөр “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” хуулийн төслийг УИХ-ын дарга Н.Учралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга А.Үйлстөгөлдөр өргөн барилаа. Хуулийн төсөл нь D-Parliament дээр байрших төдийгүй намрын чуулганаар энэхүү асуудлыг хэлэлцэх болно.
Үндсэн хуульд УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхийн талаар тодорхой тусгаж өгсөн байдаг. Мөн ямар тохиолдолд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй байх нь ч бий. Гэхдээ хариуцлагагүй мэдэгдэл, хараалын үг, хуралдаа суугаагүйнхээ төлөө тэд ямар ч хариуцлага хүлээхгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Бүр хэрэг төвөгт холбогдсон ч дархан эрхтэй хүн гээд мултрах тохиолдол ч гардагт нийгэм шүүмжлэлтэй байгаа. Монгол Улсын иргэн бүр хууль шүүхийн өмнө ижил тэгш эрхтэй гэх ч үнэндээ хууль тогтоогчдод хамаатай үг биш. Энэ нь ч иргэдийг маш их бухимдуулдаг. Тэгвэл гишүүнийг эргүүлэн татах хууль батлагдсанаар хууль тогтоогчдын хэмжээлшгүй эрх мэдэл, хэн дуртайгаа доромжлох, хуумгай үйлдэл хуулийн өмнө очих юм байна. Ёс зүйн зөрчилдөө ч хариуцлага хүлээх ёстой болох нь. Өөрөөр хэлбэл, бүрэн эрхийн хугацаагаа бүрэн бүтэн хэрэгжүүлэх үү, босго давахгүй бүдэрч унаад байдгийнхаа баруун хаяа руу буцах уу гэдэг тухайн хүний ёс зүй, мэдлэг боловсролтой маш их хамаатай болох юм байна.
Уг хуулийн төсөлд тусгаснаар:
- Ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүнд хуулийн хариуцлага хүлээлгэх боломжийг бүрдүүлэх,
- Өргөсөн тангаргаасаа няцаж, ноцтой зөрчил гаргасан гишүүнийг УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр эгүүлэн татах,
- Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол тухайн гишүүнийг эгүүлэн татах үндэслэл,
- Парламентад суудалтай улс төрийн нам, эвслийн хариуцлагыг өндөржүүлж, жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон гишүүн ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татах үндэслэлийг тусгажээ.