–ИЗРАИЛ ИРАНААС БУЦАХ ХҮСЭЛТЭЙ МОНГОЛ ИРГЭДЭЭ ТАТАН АВАХЫН ТУЛД БҮХИЙ Л АРГА ХЭМЖЭЭГ АВЧ АЖИЛЛАЖ БАЙНА–
Иранд АНУ, Израилын хамтарсан цэргийн ажиллагаа эхэлснээс хойш Монгол Улсын Засгийн газар тухайн бүс нутагт байгаа иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах талаар яаралтай арга хэмжээ авч, мэдээллээр хангаж, заавар, зөвлөгөөг өгч байна. Ойрх Дорнодын бүс нутагт өнөөдрийн байдлаар Монгол Улсын 469 иргэн байгааг Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Б.Болд мэдээлжээ.
Монгол иргэд Иран, Израил болон тус бүс нутгийн 10 гаруй улсад байгаа бөгөөд үүнээс 321 нь байнга оршин суугч, 148 нь түр зорчиж байгаа иргэд байна. Түр зорчиж буй 148 иргэн бүгд буцах хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд байнга оршин суугчдаас 20 иргэн мөн эх орондоо буцах хүсэлт гаргажээ.
Зарим улсын агаарын орон зай хаагдсан, нислэгүүд хязгаарлагдмал байгаа тул иргэдийг зохион байгуулалттайгаар татан авах ажиллагааг эхлүүлэхэд хүндрэлтэй байгаа юм байна. Нөхцөл байдал цаг, өдрөөр өөрчлөгдөж байгаа учраас Гадаад харилцааны яам боломжит хувилбаруудыг судалж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа аж.
Тухайн бүс нутагт байгаа монгол иргэдтэй Элчин сайдын яамдаараа дамжуулан тогтмол холбоотой ажиллаж, шаардлагатай зөвлөгөө мэдээллийг өгч байгаа бөгөөд эрүүл мэндийн асуудал гарсан тохиолдолд холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэж байна.
Хилийн чанадад ажиллаж, амьдарч буй иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Иргэдэд туслах сан”-г Засгийн газрын шийдвэрээр байгуулсан. Ойрх дорнодод үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор тус сангаас дэмжлэг авах албан ёсны хүсэлт одоогоор ирээгүй байна.