Сүхбаатар дүүрэгт орших сайхан нэртэй шөнийн цэнгээний газар бий. Үеийн үед хэл ам дагуулан, хэрүүл шуугиан дэгдээсэн, гадаад нэрээр гоёсон гэмт хэрэг зөрчлийн эх үүсвэрийг бий болгосон газар байдаг. Хуулийн дээр заларч, хугацаа хэтрүүлэн ажиллаж, зөрчил, гэмт хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлэгч гэхэд болно.
Олон ч аавын хүү, ээжийн охиныг буруу зүгт хөтөлсөн гээд хэлчихэд буруудахгүй. Хуульд зүаасан хугацаагаа хэтрүүлэн ажилласны улмаас үүр цүүрээр тус баарны гадаа архинд халамцсан, тасарсан залуус эр биеийн хүчийг үзэх нь бий. Эгээтэй л нэгнийхээ аминд хүрчих дөхнө. Нөхцөл байдлыг тайлбарлан хууль хүчний байгууллагынхан мянган удаа арга хэмжээ аваад ч тусыг эс олно. Монголын хууль гурав хоногтоо гэдэг шиг торгууль чиргүүл бичүүлээд л дараагийн өдрөөс өнөөх л танил төрх үргэлжилнэ. Яагаад гэсэн асуултын цаана “Ар нь том, буруу гарын хүмүүс юм гэнэлээ” гэх олны үг оршино. Тэд нар яг юу хийдэг хэн гэдэг эрх мэдэлтнүүд вэ гэсэн асуулт ч урган гарна. Ямартай ч өмгөөлж хамгаалсаар өдгөө бүр дархлагдсан бололтой. Хэдхэн төгрөгөөр торгох нь гоё нэртэй тансаг баарны эзэнд өчөөхөн болов уу. Гэхдээ үүний цаана хэчнээн олон залуус ирээдүйгээ баллаж, маргаашийн ирээдүйг бүтээх амьдралаа төмөр торны цаадах хяслант хугацаагаар сольж байгааг хэн ч ярихгүй явна. Мөнгө хээл хахууль ч үүнд бий гэсэн хардлага бий.
Цагдаа, хууль хяналтынхныг хөдөлгөхгүй барьж, хууль зөрчсөн үйлдэлод хариуцлага тооцуулахгүй бат найдвартай ар тал нь болж буй хүмүүс хэн бэ гэдэг л хамгийн чухал. Өөгшүүлэн дэмжигчид, хаацайлагчид нь чухам хэн болох удахгүй ил тод болох биз. Бид ирээдүйгээ хорлох ёсгүй гэсэн зарчим, ёс суртахууны үүднээс үүнийг өнөөдөр хөндөх ёстой гол сэдэв.
Хоёрхон хоногийн өмнө тус баарны гадна гэмт хэрэг, зөрчлийн нэгэн хэрэг гарав. Үхэр алчихсан мэт цус нөжөөр дүүрэн хана туурга, хэд хэдэн машины цонх, толь эд анги гэмтсэн байх. Хэн нэгэн багагүй гэмтсэн дүр зураг тэнд харагдах аж. Гэвч энэ талаар тус баарны зүгээс ямар нэгэн мэдээлэлгүй. Өглөөний 07.10-08.00 цагийн хооронд уг хэрэг гарсан юм байна. Магадгүй энэхүү хэрэгт бас л нэгэн жоохон залуу буруутгагдаж таараа. Мэдээж хэрэг хийсэн үйлдэлдээ хэн нэгэн хуулийн хариуцлага хүлээх ёстой ч “Холливууд” цэнгээний газар ямар хариуцлага хүлээх вэ. Энэхүү эрх мэдэл нь хэтийдсэн газрын хэтэрсэн үйлдэл хэзээ дуусах юм бол. Хүчирдэг хууль л лав алга.
-“Холливууд” гэх гоё нэртэй хэрэг, зөрчлийн эх үүсвэр, үүр уурхай-
Цаг хэтрүүлэн ажиллах бол энүүхэнд. Хуульд заасан архи согтууруулах ундаа зарах, зөвшөөрсөн нас гэдэг баарны эздэд огт хамаагүй. Залуус бааранд нь орж л байвал архи зар гэсэн цагаан дээр хараар бичигдээгүй хууль “Холливууд” цэнгээний газарт үйлчилнэ. Тэднийхээр үйлчлүүлэгчид 20-той байна уу, хоёр настай байна уу огт хамаагүй согтууруулах ундаа захиалсан хэнд ч үйлчилнэ. Харин согтсон тасарсан хэн нэгэн хэдэн цагт ч Холливууд гэх савнаас гарч болох аж.
Ийм ч учраас гэмт хэрэг, зөрчилд өртсөн нэг нь хохирч, үйлдсэн нь эрхээ хязгаарлуусаар байна. Ийм зүйл гарах нөхцөлийг Холливуудийнхэн бүрдүүлэн өгч байгаа юм. Чамин нэрээр гоёсон баарны эрхэмсэг эздэд Монгол Улсын маргаашийг илэрхийлэх залуусын асуудлаас илүүтэй халтар таван цаас чухал болох нь эндээс харагдана.
Монгол Улсын маргааш баар сав, цэнгээний газраар хэмжигдэх үү. Эрхээ хязгаарлуулсан иргэдээр эх орон дүүрэх үү гэсэн асуултууд хөвөрнө. Хэрэв энэ бүхэн зөв юм бол Монгол Улс, Улаанбаатар нэг мөсөн согтуугийн, согтуурлын хот болж, цэнгээний нийслэл болсон нь дээр болов уу. Хуультай улс л гэдэг. Гэхдээ Холливуудыг лав хүчрэхгүй л юм байна.