СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.УНДРАМ АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Азийн хөгжлийн банкны Монгол Улсыг хариуцсан гүйцэтгэх захирал Норр Ахмед болон Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин тэргүүтэй төлөөлөгчдийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Засгийн газар Хөвсгөл аймгийг байгалийн аялал жуулчлал, Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалаар хөгжүүлэхээр зорилт тавин байгалийн болон түүх, соёлын арвин нөөцтэй тус хоёр газрыг аялал жуулчлалын зорин очих газар болгон хөгжүүлэхээр ажиллаж байна. Тус ажлын хүрээнд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийг Монгол Улсын байгалийн цогцолборт газар болох Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Ханх сум, Мянганы суут хүн – Их Эзэн Чингис хааны өлгий нутаг болох Хэнтий аймгийн Дадал суманд хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хэрэгжилтийн явц 70 гаруй хувьтай үргэлжилж байгаа ба ирэх жил бүрэн дуусгаж ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.


ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам хүндэт зочид, төлөөлөгчдөд хандаж талархлын үг хэлэв.
“Эрхэмсэг Азийн Хөгжлийн Банкны Захирлууд аа, Эрхэмсэг ноёд хатагтай нар аа,
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны нэрийн өмнөөс та бүхэнд үдшийн мэнд дэвшүүлж, халуун дотноор угтан авч буйдаа баяртай байна. Монгол Улсын хөгжил дэвшилд Азийн хөгжлийн банк тууштай түншилж, тасралтгүй дэмжлэг үзүүлж ирсэнд гүн талархал илэрхийлье.
Ялангуяа “Тогтвортой аялал жуулчлалын хөгжил” төслийг хэрэгжүүлэхэд үзүүлж буй дэмжлэг онцгой ач холбогдолтой. Аялал жуулчлал нь Монгол Улсын эдийн засгийн хөшүүрэг төдийгүй ажлын байр бий болгох, орон нутгийн иргэдийг дэмжих, соёлын болон байгалийн өвөө хамгаалах чухал хэрэгсэл юм. Засгийн газрын бүтцийн өөрчлөлтөөс үүдэн тодорхой саатал гарсан ч манай яам энэ төслийг цаашид амжилттай хэрэгжүүлэхэд бэлэн байна. Төслийн үр өгөөжийг бүрэн дүүрэн хүртээхийн тулд хэрэгжих хугацааг нь сунгах хүсэлтийг үүгээр илэрхийлж байна.
Энэхүү санаачилга нь Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэлүүд болон Азийн хөгжлийн банк (АХБ)-ны хүртээмжтэй, тогтвортой өсөлтийн алсын хараатай нягт уялдаж байгаа юм. Бид хамтдаа уг төслийг аялал жуулчлал орон нутгийн хөгжилд хэрхэн эергээр нөлөөлж болохыг харуулсан бүс нутгийн хэмжээний сайн жишиг болгох боломжтой.
Маргааш бид Хөвсгөл аймагт очиж, төслийн явцтай танилцах болно. Энэхүү аялал маань бидэнд санал бодлоо солилцох, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх мөн монгол орны байгалийн сайхан, ард түмний зочломтгой занг та бүхэн мэдэрнэ гэж найдаж байна.
Та бүхний итгэл, түншлэл, нөхөрлөлд дахин гүн талархал илэрхийлье. Ирээдүйд бид хамтдаа илүү ихийг бүтээнэ гэдэгт итгэлтэй байна.
Баярлалаа.”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн