Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы аравдугаар сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолыг баталлаа.
Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг нарын 76 гишүүний 2025 оны есдүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд тамхин бүтээгдэхүүний төрөл, нэр томьёоны тодорхойлолтыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Тамхины хяналтын суурь конвенц болон олон улсын жишигт нийцүүлэх, онцгой албан татварыг үе шаттай нэмэгдүүлэх, гаалийн албан татвар тогтоох, тамхи болон тамхин бүтээгдэхүүнд үнэр, амт оруулагч бодис, бэлдмэл нэмэхийг хориглох зэрэг зохицуулалтыг тусгажээ.
Тамхин бүтээгдэхүүний тодорхойлолт, хяналтыг өргөжүүлэв
Хуульд тамхин бүтээгдэхүүний тодорхойлолтыг шинэчлэн, хамрах хүрээг нь өргөжүүлсэн байна. Тодруулбал, тамхины навч, ургамлыг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн түүхий эд болгон үйлдвэрлэсэн, никотин, бохь болон химийн бусад бодис агуулсан, татах төхөөрөмж ашиглаж, эсхүл ашиглахгүйгээр хэрэглэх зориулалттай бүтээгдэхүүнийг хамруулахаар зохицуулжээ. Харин эмийн бүртгэлд бүртгэгдсэн, тамхинаас гаргах зориулалттай эмийг энэ тодорхойлолтоос хассан байна.

Ингэснээр тамхины түүхий эд, задгай тамхи, навчин болон янжуур тамхи, сигар, дүнсэн тамхи, халаадаг тамхи, электрон тамхи, усан хоолойгоор татах тамхи, мөн үнэрлэх, сорох, зажлах, аманд уусгах, биед наах зэрэг татахаас бусад аргаар хэрэглэх зориулалттай никотин агуулсан болон агуулаагүй бүтээгдэхүүнийг тамхин бүтээгдэхүүнд хамруулахаар боллоо.

Түүнчлэн тамхи татах зөвшөөрөгдсөн цэгт тавигдах шаардлагад дам тамхидалт үүсгэхгүй байх шаардлагыг нэмж хуульчлан, хяналт хэрэгжүүлэх төрийн байгууллагуудын нийтлэг үүргийг тодорхой болгосон байна. Тухайлбал, нийгмийн эрүүл мэндийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, олон нийтийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр тамхи үйлдвэрлэгч болон тэдний ашиг сонирхлыг төлөөлж буй этгээдтэй хамтран ажиллахгүй байх, энэ чиглэлд ажиллаж буй төрийн албан хаагч, бусад ажилтны ашиг сонирхлын зөрчлийг шийдвэрлэх зохицуулалтууд тусгагджээ.