Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын удирдах ажилтны зөвлөлдөх уулзалт өнөөдөр эхэллээ.

    ХХААХҮЯ, УИХ-ын БОХХАА-н байнгын хороо, Мал эмнэлгийн ерөнхий газар хамтран зохион байгуулж байгаа энэхүү зөвлөлдөх уулзалтад аймгуудын Засаг дарга нар, ХХААГ, МЭГ-ын дарга, хэлтсийн дарга, ХХААХҮЯ-ны бүтцийн нэгжийн болон харьяа байгууллагын удирдах ажилтнууд оролцож байна.

    УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат, УИХ-ын Байгаль орчин, хүнс, аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен нар зөвлөлдөх уулзалтыг нээж үг хэлж, мэндчилгээ дэвшүүлэв.  

    Зөвлөлдөх уулзалтын эхэнд ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат салбарт хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны чиглэлийг танилцуулав. Хөдөө аж ахуйн бараа, бүтээгдэхүүний үнэ цэнийг өсгөж, экспортыг нэмэгдүүлэх, мал эмнэлгийн үйлчилгээг шинэ түвшинд гаргаж, малаа бүрэн эрүүлжүүлэх зорилт дэвшүүлээд байгаагаа салбарын сайд илтгэлдээ дурдлаа. Дээрх зорилтын хүрээнд малын вакциныг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах, “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, арьс, шир, ноос, ноолуур, дайвар бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэрүүд болон бордоо үйлдвэрлэгчийг дэмжих бодитой алхмуудыг хийж эхэлжээ.

    Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд аймгуудын Засаг дарга нартай бэлчээрийн мал аж ахуйг дэмжих “100:1000 Нутагтаа эзэн” төсөл хэрэгжүүлэх гэрээг байгууллаа.

   Зөвлөлдөх уулзалтын хүрээнд аймгуудын ХХААГ-ын 2025 оны үйл ажиллагааны тайланд хийсэн үнэлгээ, дүгнэлт, мал аж ахуй, газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, улсын төсвийн удирдлага, санхүүжилт, түүнийг хэрэгжилт, хүний нөөцийг бэхжүүлэх чиглэлээр баримтлах бодлого зэрэг асуудлыг хэлэлцэн, Туслах малчны тухай анхдагч хуулийн төсөл, Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр санаачлан боловсруулж буй хуулийн төслүүдийг танилцуулна.

    Мөн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын урт болон дунд хугацааны бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх арга хэмжээний тухай ХХААХҮ-ийн сайдын албан даалгаврыг танилцуулж, үүрэг, чиглэл өгөх юм.

   Маргааш буюу тавдугаар сарын 05-нд аймгуудын ХХААГ болон МААХ-ийн дарга нарыг хамруулсан ур чадвар, манлайллын сургалт зохион байгуулах юм байна.

By admin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн