-Шинэ байр буюу орчин цагийн шилдэг луйвар-
Гэр хорооллыг багрилгажуулах ажил явагдсаар байгаа. Оршин суугаа газраа оромжтойгоо барилгын компанид өгөөд шинэ байранд орно гэсэн итгэлээр харилцан тохиролцоо хийсэн иргэд өнөөдөр хохиирч үлдсээр байх уу. Үүний нэг тод жишээ Баянгол дүүрэгт байна. Орон сууцанд орно гэж итгэсэн эгэл жиррийн иргэд цөхрөнгөө барж, жагсаал цуглаандаа туллаа.
Баянгол дүүргийн 10-р хороонд баригдаж буй “Грийн ресоурс” ХХК-ны хэрэгжүүлж байгаа “Хөх сувд” хотхоны “С” блокийг захиалсан иргэд байраа ашиглалтад орохыг хүлээсэн иргэдийн зарим нь энэ хорвоог орхиж ээлж дараагаар бурхны оронд одсоор байна. Уг хотхоны захиалга 2021 оноос эхэлсэн аж. Энэ цагаас хойш “Хөх сувд” хотхоны захиалагчид 5 жил шинэхэн байраа хүлээн авна хэмээн хүлээсэн ч өдгөө арга тасарч, байрныхаа өмнө суулт зарлаад 10-аад хоножээ. 2021 оноос 2026 оны хооронд уг байрыг ашиглалтад орохыг хүлээж дийлэлгүй 3 иргэн бурханы орныг зорьжээ. Мөн 2 залуу гэр бүл салжээ. Одоо биеийн байдал хүндхэн 3 иргэн байна гэдгийг оршин суугчдын төлөөлөл ярилаа.
Анх өөрийн газраа байраар солихоор гэрээнд гарын үсэг зурсан иргэн н.Дэмбэрэл 10 орчим жилийн нүүрийг үзсэн ч одоо орох орон, оочих аягагүй яваа юм байна. Энэхүү гэрээг 2016 онд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Нийслэлийн Гэр хорооллын Бодлогын хэлтэс, газрын эзэн иргэн, захиалгын гүйцэтгэгчээр “Грийн Ресоурс” компани шалгарч гурвалсан гэрээг байгуулжээ. Төрдөө итгэсэн иргэд ийнхүү эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санаа, цаг хугацааны уртад хаа очихоо мэдэхгүй, түрээсийн байр хэсэж, айлын мухар бараадан тарчилж байна.
Тансаг амлалт, гоёмсог сууц амласнаас хойш 5 жил шахуу баригдаж ашиглалтанд орохгүй байгаагийн гол шалтгаан нь “Грийн Ресоурс”, “Азийн барилга”, “TADE” компанийн удирдлагууд орон сууцаа давхардуулан зарсантай холбоотой гэж хохирсон захиалагчид үзэж байна. 105 айлын тус орон сууцанд хохирогчид өөрсдийн мэдээллийг нэгтгэн цуглуулжээ. Мэдээллээс харахад 95 айлын 50 орчим байрыг давхар, давхар зарсан ажээ.
Хохирогчид төслийг хэрэгжүүлэгч “Грийн ресоурс” ХХК-ны захирал Ц.Цэцэнзориг, Ц.Ганзориг, н.Оюунгэрэл, н.Цог, гүйцэтгэгч “Азийн барилга” ХХК-ны захирал У.Баасанжаргал, С. Шижир, “TADE” Констракшны захирал С. Шижир, н. Амарсанаа нараас байранд хурдан оруулж, давхардсан айлуудын нэрсийг гаргаж өгөхийг шаардаж байна. Энэ компаниуд цаашид нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлт болоод бусад бүтээн байгуулалтанд тендер аван оролцохоор зэхэж байгаа гэнэ. Хэрэв ийм тохиолдолд хохирогчдын тоо нэмэгдэхгүй гэх баталгаа алга. Хэрвээ хохирогчид ирэх сард захиалсан байрандаа орж чадахгүй бол тэмцлийн дараагийн шат буюу өлсгөлөн зарлахаа хэллээ. Түүнчлэн “Хүний эрхийн комисс”-т хандахаа албан ёсоор мэдэгдээд байна.
Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг шиг барилгын компаниудад хулхидуулсан иргэд аргаа барсандаа тэмцэж эхэллээ. Баянгол дүүргээс төрд заларсан УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Х.Ганхуяг, Ж.Золжаргал нар үүнд анхаарах сөхөө байна уу. Мөн асуудлыг мэдэж суугаа Баянгол дүүргийн Засаг ноён Ө.Сумьяабаатар, Нийслэлийн захирагч Х.Нямбаатар нүдэн балай, чих дүлий суусаар байгаа нь хачирхалтай.
Уг асуудалд дүүрэг хэрхэн анхаарч, нийслэл ямар арга хэмжээ авахыг бид хүргэх болно.