Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат салбарын мэргэжлийн холбоодын төлөөллийг хүлээн авч уулзаж, яамны бодлого, үйл ажиллагааг танилцуулж, хамтран ажиллах чиглэлийн талаар санал солилцон, тулгамдаж байгаа асуудлуудын талаар байр суурийг нь сонслоо.
Уулзалтад, Монголын мал зүйч, үржүүлэгчдийн холбоо, Монголын ноос, ноолуурын холбоо, Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбоо зэрэг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын мэргэжлийн холбоодын удирдлагууд болон тухайн холбоодын гишүүн зарим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсон юм.
Мэргэжлийн холбоодын төлөөлөл салбарын хэмжээнд тулгамдаж байгаа асуудлуудыг нэгтгэн танилцуулж, шийдэл, гарц бүхий тодорхой саналууд тавьсан.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат хөдөө аж ахуйн бараа, бүтээгдэхүүн, тэр дундаа малын гаралтай түүхий эдийг хаягдал бус экспортод гаргах үнэ цэнтэй бүтээгдэхүүн болгох зорилт тавьж, салбарын яамны гадаад харилцааг хөгжүүлэхэд анхаарч байгаа, мөн Евразийн эдийн засгийн чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчидтэйгээ хамтран ажиллана гэлээ.
Энэ хүрээнд салбарын сайдын хувьд шийдэх боломжтой асуудлуудыг тодорхойлж, зарим асуудлаар мэргэжлийн холбоодтой хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллуулахаар боллоо.
