<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ ОХУ-ын Хиагтад байгаа тээвэрчдийг татан авах бэлтгэлийг хангана
featured

ОХУ-ын Хиагтад байгаа тээвэрчдийг татан авах бэлтгэлийг хангана

Тээвэр орчин цагийн хүний гол, анхдагч хэрэгцээ болжээ. Авто тээвэр, төмөр замын тээвэр, агаарын тээвэргүйгээр бид амьдралаа төсөөлөх аргагүй.

“Улаанбаатар төмөр зам” ХНН-т үүссэн “Ковид-19”-ийн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын даргын шийдвэрээр Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтараар ахлуулан байгуулсан Шуурхай бүлэг богино хугацаанд түргэн шуурхай олон арга хэмжээ авч ажилласан. Үүний дүнд тус салбарын бэлэн байдал дээшилж, тархалтыг зогсоох, хяналтдаа авах, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангахад чухал үр нөлөөгөө үзүүллээ.

Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед улс хоорондын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, тээвэрлэлтэд үүсч буй хүндрэл, саатлыг арилгах үүрэг бүхий Шуурхай бүлэг Зам, тээврийн хөгжлийн яаман дээр  мөн ажиллаж байгаа бөгөөд тус бүлгийн цахим хурал өдөр бүр болж байгаа билээ.

Сүүлийн хоёр өдөр болсон хурлаар улс хоорондын тээвэрлэлт, хилийн боомтын үйл ажиллагаанд үүсч буй хүндрэлийн талаарх мэдээлэл солилцож, шийдвэрлэх арга замыг тодорхойлж, холбогдох байгууллагуудтай хамтран шаардлагатай арга хэмжээг авч, зохицуулалт хийх шуурхай механизмыг хэрхэн бүрдүүлж буй талаар авч хэлэлцэв.

Өмнөх хурлаас өгөгдсөн, тухайлбал:

Дорноговь аймгийн Авто тээврийн төв, Замын-Үүд салбарт:

-Замын-Үүд-Эрээн боомтын тээвэрлэлтийн үйл ажиллагаа хэвийн болж жигдэртэл Замын-Үүдийн Авто тээврийн салбар болон холбогдох ажлын хэсэг, сумын онцгой комисст дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах,

-Эрээн хот дах Монгол Улсын консулыг БНХАУ-ын Эрээн хотын Ардын засгийн ордныхонтой уулзуулж, шийдэл гаргуулах,

-PCR-ийн шинжилгээ өгсөн 36 жолоочийн мэдээллийг авах, яаралтай Монгол Улсаас Эрээн хотод суугаа консултай холбогдон Эрээнд ажиллах 50 жолоочийн тоог гүйцээх асуудлыг тавих,

Өмнөговь аймгийн Авто тээврийн төв, Цогтцэций салбар, Шивээхүрэн салбарт:

-Тайван зогсоолд зогсож байгаа тээврийн хэрэгслүүдийн эзэмшигч байгууллагуудтай холбогдож хоол хүнс, шатахуун, халдваргүйжүүлэлтийн хувцас, хэрэгслээр хангах зэрэг асуудлыг тухайн тээвэрлэлт гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудад яаралтай мэдэгдэж, хангалтыг хариуцуулан шийдвэрлүүлэх. Бүүр болохгүй бол онлайн хурал хийж, мессеж илгээх,

-УУХҮ-ийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэгтэй хамтран Монголын талд PCR-ийн шинжилгээнд хамрагдаж, хариу нь сөрөг гарсан жолооч нарыг хилээр нэвтрүүлэн тээвэрлэлт гүйцэтгүүлэх асуудлыг Ганцмод боомтын удирдлагуудтай ярих, энэ талаар УИХ-ын гишүүн Н.Наранбаатартай холбогдож дэмжлэг авах, шаардлагатай бол Хятадын талтай видео хурал хийх,

-Онцгой нөхцөл байдалд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан ажиллах талаар жолооч, тээвэрчдэд анхааруулга өгөх,

Ховд аймгийн Авто тээврийн төвд:

-Тээвэрлэлтийн үнэ тариф бага байгаа талаар монгол жолооч, тээвэрчдээс удаа дараа тавьж байгаа асуудлаар “МоЭнко” ХХК-ийн удирдлагатай видео хурал хийж, тодорхой арга хэмжээ авах, шаардлагатай зохион байгуулалт хийх, маргааш тодорхой хариу өгөх,

Говь-Алтай  аймгийн Авто тээврийн төвд:

-Тус аймаг дахь Бургастай боомтоор цаашид тээвэрлэлт хийх бэлтгэлийг хангах,

Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төвд:

-Алтанбулаг боомтоор нэвтрэх хөдөлгөөнийг зогсоохоос өмнө хилээр нэвтэрч амжаагүй Оросын Хиагтад байгаа тээвэрчдийг татан авах бэлтгэлийг хангах,

-Цаашид хорио цээрийн дэглэм сулархад Алтанбулаг чөлөөт бүсэд ачаа барааг шилжүүлэн ачих бэлтгэл ажлыг хангахад анхаарах, тодорхой санал боловсруулж, танилцуулах.

Баян-Өлгий  аймгийн Авто тээврийн төвд:

-Цагааннуур боомтыг түр нээсэн, шатахууны хомсдол үүсэхээс сэргийлэх,

-Импортын ачаа бүхий машин, жолоочийг хонуулахгүй буцаан гаргах, жолооч нараар дамжин гаднаас халдвар алдахаас урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч ажиллах,

-Шатахуун буулгах үеийн хяналтыг сайжруулах, камерын хяналтыг бий болгож, биет хяналт тавих нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах зэрэг үүрэг, даалгаврын биелэлт, тулгарч буй бэрхшээл, түүнээс гарах арга зам, шийдлийн талаар ярилцлаа.

Үүссэн нөхцөл байдал, улс хоорондын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, тээвэрлэлтэд үүсч буй хүндрэл, саатлыг арилгахад холбогдох бусад байгууллага, салбарын яамдтай хамтарч ажиллах шаардлага зайлшгүй байгааг харгалзан Улсын онцгой комисст хандаж шийдвэр гаргуулахаар болов гэж Зам,тээврийн хөгжлийн яамнаас мэдээлэв.