<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР УЛС ТӨР Өнөөдөр Монгол Улс анхны Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласан түүхэн өдөр
featured

Өнөөдөр Монгол Улс анхны Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласан түүхэн өдөр

 Монгол Улс анхны Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласны түүхэн өдөр өнөөдөр тохиож байна. 

Тэртээ 96 жилийн өмнө анхдугаар Үндсэн хуулиа өлгийдөн авч, 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Ардын Бүгд найрамдах улсыг тунхаглан анхдугаар Үндсэн хуулиа батлан баринтаглан авсан юм. Түүх сөхвөл, Улсын анхдугаар их хурал 1924 оны 9 дүгээр сарын 8-нд нийслэл Хүрээнд эхэлж, халхын 4, дөрвөдийн 2 аймаг, Алтай, Хөвсгөлийн урианхай хошууд, Дарьганга, Ховдын тариачин хошуу болон ардын цэргийн ангиудаас, нийт 77 хүн Их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Их хурлаар олон чухал асуудал хэлэлцсэний дотор анхдугаар Үндсэн хуулийг санал нэгтэй баталсан явдал юм. Түүхэн энэ үйл явдал нь эрх чөлөөт монголчуудын зорилгыг тодорхойлоод зогсохгүй, бие даасан тусгаар улс гэдгийг тамгалсан үйл явдал болсныг түүхчид өгүүлж байна. 

Монгол Улс хамжлагат ёсыг халж, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрхзүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан билээ. Анхдугаар Үндсэн хуулийг баталснаар нийгэм, эдийн засгийн олон ололтыг батжуулсан төдийгүй Монголын газар шороо, хөрсөн доорх баялаг, ой мод, ан амьтан зэргийг ард түмний өмч хэмээн зарласан юм. 

Хуудас бүр дээр нь “Ардын эрхт Монгол Улсын Хурлын тамга” гэсэн дөрвөлжин тамга дарсан Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн 18 хуудас эх бичиг, тус Үндсэн хуулийн зүйл заалтыг тайлбарласан 72 хуудас тайлбар сэлтийн хамт эдүгээ Архивын ерөнхий газрын сан хөмрөгт хадгалагдаж байна.