<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР УЛС ТӨР Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэ Шадар сайдад хандлаа
featured

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэ Шадар сайдад хандлаа

 Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэ өнөөдөр Монгол Улсын шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатарт хандаж, Засгийн газрын 178 дугаар тогтоолын 10 дугаар жагсаалтад өмгөөллийн үйл ажиллагааг нэмж оруулахыг хүссэн албан тоот дахин илгээсэн байна.

Тэрбээр албан хүсэлтдээ “Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Засгийн газрын 178 дугаар тогтоолын 10 дугаар жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлтийг албан тоотоор хүргүүлсэн бөгөөд 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 3355 дугаартай Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Т.Мөнхдоржоос ирүүлсэн албан тооттой танилцахад Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос явуулсан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, тодорхой бус байгаа тул дараах хүсэлтийг гаргалаа.

Шүүх, прокурорын үйл ажиллагаанд өмгөөллийн үйл ажиллагаа салшгүй холбоотойгоос гадна Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-д заасан “..Монгол Улсын иргэн зөрчигдсөн эрхээ хамгаалуулах, эрх зүйн туслалцаа авах…” үндсэн эрхийг зөрчихөд хүргээд байна.

Хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа, зөрчлийн хэргийг шалгахад гэрч, хохирогч, яллагдагчаас мэдүүлэг авах, хорих ангиудад цагдан хоригдож буй иргэдтэй уулзах, давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудад яллагдагчаар гарын үсэг зуруулах зэрэг өмгөөлөгчийн зайлшгүй биечлэн оролцож явуулах мэргэжлийн үйл ажиллагаанд хүндрэл учраад байна.

Өнөөдрийн байдлаар хязгаарлалт тогтоогоогүй байгууллагын жагсаалтад өмгөөллийн үйл ажиллагаа ороогүйгээс иргэдийн хууль зүйн туслалцаа авах эрх нь хязгаарлагдаж, өмгөөлөгч нар QR код ашиглан өөрсдийн хувийн унаагаар шүүх, прокурор, цагдаагийн байгууллага болон хорих ангиуд руу зорчих, өмгөөллийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, иргэд, хуулийн этгээд хохирч байна.

Иймд Монголын Өмгөөлөгчдийн Холбоо нь төрийн тодорхой чиг үүргийг хэрэгжүүлэгч, бие даасан, нийтийн эрх зүйн хуулийн этгээд тул нийт өмгөөлөгчдийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангаж өгөхийг хүсье” гэжээ.

127216190_4612849645451768_2109708130386395461_o-719x1024 Монголын өмгөөлөгчдийн холбоо УОК-ын дарга Я.Содбаатараас тодруулга хүслээ