<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР СПОРТ Хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргал дэлхийд тав дахь удаагаа аваргаллаа
featured

Хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргал дэлхийд тав дахь удаагаа аваргаллаа

 АНУ-ын Флорида мужид “Icarus Florida Ultrafest USA 6” зургаан өдөр, зургаан шөнийн хэт холын зайн гүйлтийн тэмцээн энэ сарын 16-22-нд явагдаж өндөрлөлөө.

Тэмцээнд манай улсаас оролцсон хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргал эхний өдрөөс эхлэн уралдааныг тэргүүлсээр зургаан өдөр, зургаан шөнийн хугацаанд 787 км зай туулсан амжилтаар түрүүллээ. Түрүүлэхдээ тэрээр тэмцээний рекордыг 17 км-ээр ахиулсан юм.

Уралдааны дараа сэтгүүлчид түүнтэй уулзаж, сэтгэгдлийг нь сонирхлоо.

Б.Буджаргал “Аварга болсондоо их баяртай байна. Флоридад нар, бороо, салхи, агаарын даралт гээд байгалийн бэрхшээл олон тохиолдсон ч түрүүлж чадлаа. Энэ боломжийг олгосон БТСУХ, МҮОНТ зэрэг дэмжин ажилласан байгууллага, хамт олонд талархаж байгаагаа хэлье. Мөн арын албанд зүтгэсэн хүмүүст баярлалаа. Та бүхэн болон монголчуудынхаа ачаар би рекорд тогтоож чадсан юм шүү. Урьд нь дандаа пүүзтэй гүйдэг байсан ч энэ тэмцээнд сандаалтай оролцсон минь алдаа боллоо. Хумс унах, хөл хагарах, цэврүүтэх асуудал гарсан. Амжилтад сөргөөр нөлөөлсөн. Би хэт холын зайн гүйлтийн 10 тэмцээнд оролцож, тавд нь түрүүллээ. Баяртай байна” гэж ярилаа.

Дэлхий нийтийг түгшээсэн “COVID-19” цар тахлын энэ үед Б.Буджаргал дэлхий дахинд монгол хүний тэсвэр хатуужил, хүч чадал, оюун санааг сурталчилан таниулсан гэдгээрээ онцгой үйл явдал болж байна.

Дашрамд дуулгахад, Энэхүү хүний тэсвэр хатуужлыг шалгадаг олон улсад нэр хүндтэй тэмцээнийг эхлэлийг тавьсан хүн бол Энх тайвны нэрт зүтгээлтэн Шри Чинмой юм. Тэрбээр 1931 онд Энэтхэгийн Бенгал мужид мэндэлсэн бөгөөд 1964 онд Нью Йорк хотноо ирж суурьшжээ. Тэрбээр 2007 онд таалал төгсөх хүртлээ Нью-Йорк хотноо амьдарсан билээ. 1987 онд Шри Чинмой олон улсын хэмжээнд, эгэл жирийн хүмүүсийн дунд тэднийг нэгтгэхийн төлөө Нэгдлийн гэр-Энх тайвны гүйлтийг анх удаа зохион байгуулжээ. Энэ гүйлтийг зохион байгуулснаас хойш дэлхийн 140 гаруй улсад зохион байгуулагдаж сая сая хүний амьдралд хүрсэн юм. 2005-2012 онд Эв найрамдлын гүйлт нэртэй байсан Энх тайвны гүйлт улс төр, мөнгө босгох үйл ажиллагаатай огт холбоогүй бөгөөд харин хүмүүст илүү тайван, илүү эв нэгдэлт хорвоо ертөнцийг бий болгох талаар өөрийн хүсэл мөрөөдөл, найдвараа илэрхийлэх боломжоор хангадаг юм байна.