<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР СПОРТ Хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргалыг хурайлан дэмжицгээе, монголчууд аа
featured

Хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргалыг хурайлан дэмжицгээе, монголчууд аа

 АНУ-ын Флорида мужид болж байгаа “Fort Lauderdale Florida USA 6” зургаан өдөр, зургаан шөнийн хэт холын зайн гүйлтийн тэмцээн үргэлжилж байна. Тус тэмцээнд оролож байгаа манай тамирчин Б.Буджаргалын талаарх шинэ мэдээ АНУ-аас ирлээ.

 

Б.Буджаргал 72 цаг гүйж, хугацааныхаа талыг тууллаа. Тэрбээр эхний 72 цагийн байдлаар 440 км гүйж, тэмцээнийг хошуучилсан хэвээр байна. Түүний арын тамирчин 108 километрээр хоцорч байна. Одоо тамирчин маань сүүлийн 72 цагаа эхлүүлж байгаа бөгөөд энэ үеэс эхлээд 72 цагийн гүйлтэд оролцох шинэ тамирчид талбай дээр нэмэгдэж гарч ирээд байна. Зургаан өдрийн гүйлтийн тэмцээнд оролцох тамирчид дэлхийн хэмжээнд тун цөөхөн байдаг ажээ. Тиймээс 3 өдөр, 2 өдөр, 1 өдрийн гүйлтийн тэмцээнүүд энэ өдрүүдэд давхар зохион байгуулагддаг. Тодруулбал, 24, 48, 72 цагийн гүйлтийн тэмцээн давхар явагдах бөгөөд энэ төрөлд уралдах тамирчид өдөр өдрөөр нэмэгдэнэ гэсэн үг. Шинэ нэмэгдсэн тамирчидтай Б.Буджаргал маань аль хэдийнэ уралдчихсан гэдгийг онцолъё. Тэмцээнийг дүгнэхдээ төрөл тус бүр дээр тамирчдын хувийн амжилтыг жагсааж гаргадаг. Манай тамирчин одоогийн байдлаар 24, 48, 72 цагийн гүйлтийн тэмцээнд хамгийн их зам туулсан амжилтаар тэргүүлсэн үзүүлэлттэй байна. Тамирчин маань дэлхийн рекордыг эвдэх өндөр зорилгыг өмнөө тавьсан. Гэвч цаг агаар, тамирчны биеийн байдал гээд олон зүйл энд нөлөөлнө. Хүн өөрөө тэсвэр тэвчээр гаргаж чадаж байлаа ч бүх зүйлд хэмжээ хязгаар гэж бий. Тиймээс Хэт холын зайн гүйлтийн холбоо, дэмжиж ажиллаж байгаа бидний зүгээс болон арын албаны баг хамт олны зүгээс тамирчныхаа эрүүл мэндийг номер нэг асуудал болгон ажиллаж байна. Тамирчны биеийн байдлын тухайд хоёр хөл нь битүү цэврүү үүсч, хумсных нь завсраар идээлсэн байна. Энэ нь олон өдрийн гүйлтийн үед гардаг зүйл боловч энэ удаагийнх нэлээд хүнд цэврүүтэж, тамирчинд өвдөлт өгч байгаад багийн нөхөд нь санаа зовниж байна. Арын албанд ирж ажиллаж буй АНУ дахь монголчууд маань маш сайн ажиллаж, тамирчныхаа сэтгэл санаа, хоол хүнс, эрүүл мэндэд анхаарч байгаа нь энд томоохон үүрэг гүйцэтгэж байгааг хэлэх нь зүйтэй. Өнөөдөр цаг агаар дахин халж байгаа нь бас нэгэн бэрхшээл болж байна.

Холын зайн гүйлтээр дэлхийд дөрвөн удаа түрүүлсэн Б.Буджаргал маань энэ удаагийн “Зургаан өдөр, зургаан шөнө”-ийн гүйлтийн тэмцээнд оролцох гэж олон саад бэрхшээлийг даван туулсан юм. 2019 оны сүүлээр Тайланд улсад бэлтгэл хийхээр очсоных нь дараа Ковид гарч, оролцохоор төлөвлөсөн бүх уралдаан, тэмцээнүүд нь хойшилж, хүний нутагт гацсан билээ. Олон сар төлөвлөөгүй зардал гаргаж, санхүүгийн байдал нь хүндэрч, сүмд толгой хоргодож, бэлтгэлээ хийж байсан үе ч түүнд бий.

Энэ бүхнийг даван туулахад нь Хэт холын зайн гүйлтийн холбооны тэргүүн Д.Цэрэндулам, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц, Өмнөговь аймгийн удирдлагууд болон бусад байгууллага, хувь хүмүүсийн ач тус, дэмжлэгээр санхүүгийн асуудлаа тодорхой хэмжээнд шийдэж, тэмцээндээ оролцох эрхээ олж авсан юм. Дэлхийн рекорд амжилтыг тогтоох түүний чин хүсэл, том зорилгыг нь үнэлж Ц.Шаравжамц даргатай БТСУХ-ноос онгоцны зардал, тэмцээний таксыг төлж өгснөөр хандив эхэлсэн. Түүнчлэн “Эрхэт Монгол” медиа групп, МҮОНРТ, Өмнөговь аймгийн засаг даргын тамгын газар, Даланзадгад сумын засаг даргын тамгын газар, Өмнөговь аймгийн ард иргэд, “Хөх Монгол” принтинг ХХК, “Алтан үеийнхэн” ТББ, Б.Буджаргалын 10 жилийн сургуулийн нэг ангийн хамт олон, Өмнөговь аймгийн Боловсролын газар, “MCR Mongolia runners” групп, Манчестер дахь монголчуудын холбоо, Манчестерын гүйгч ээжүүдийн групп, Флорида мужийн монголчуудын холбоо, “Оргилд гүйгч” ТББ гээд олон хувь хүн, байгууллагууд түүнийг чадах хэмжээгээрээ дэмжиж, нийт 21 сая төгрөг цугларчээ. Хэт холын зайн гүйлтийн холбооноос хандив, ивээн тэтгэлгээр цугласан 21 сая төгрөгийг юунд хэрхэн зарцуулсан талаараа олон нийтэд нээлттэй тайлагнах юм байна. Энэхүү цугласан хандив, тусламж түүний 2020 оны туршид гаргасан зардлын 30% орчмыг санхүүжүүлж байгааг энд зориуд тэмдэглэх нь зүйд нийцнэ. Дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэдэг энэ билээ. Холыг зорьсон Монгол хүний мөрөөдөл өнөөдөр эх орныхоо нэрийг дэлхий дахинд дуурсгаж байна. Аюулт цар тахлын үед Б.Буджаргал маань Монгол хүн юуг ч даван туулж чадна гэдгийг нотлон харуулж, ард түмэндээ урам зориг хайрлаж байна.

Дэлхийд алдартай мэдээллийн агентлагууд Монголын тамирчин Б.Буджаргалын амжилтын талаар олон удаа мэдээлж байсныг бид тэр бүр мэддэггүй, анзаардаггүй. Энэ залуу ёстой л өөрийнхөө бор зүрхээр өнөөдрийг хүртэл гүйлээ. Энэ удаад ч гэсэн манай тамирчны амжилт олон улсад дахин цуурайтна гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.

Урагшаа Б.Буджаргал аа. Хурайлан дэмжицгээе монголчууд аа. Бидний төлөө, эх орныхоо төлөө тэсвэр, тэвчээрийн дээдийг үзүүлэн гүйж яваа Б.Буджаргалдаа сэтгэлийн дэм өгч, алдар гавьяаг нь олонд түгээж лайк, шэйр хийхийг уриалж байна.

Эх сурвалж:Зиндаа.мн