<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ Европт “COVID-19”-ийн шинэ тохиолдлын тоо буурч байгааг ДЭМБ онцлов
featured

Европт “COVID-19”-ийн шинэ тохиолдлын тоо буурч байгааг ДЭМБ онцлов

 Европт коронавирусний халдварын тархалтын хурдац удааширч байгаа боловч нас баралт өссөөр байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээлжээ.

Өнгөрсөн долоо хоногт Европын орнуудад илэрсэн шинэ тохиолдлын тоо сүүлийн гурван сарын хугацаанд анх удаа буурсан байна. Үүний зэрэгцээ “COVID-19”-ийн халдвар авсан хүмүүсийн дунд нас баралт нэмэгдэж байгааг ДЭМБ тэмдэглэжээ. Тухайлбал, лхагва гарагт Шведэд коронавирусний халдвараар 96 хүн нас барсан нь сүүлийн гурван сарын хугацаанд бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.

Итали, Швейцарын эмнэлгүүдийн эрчимт эмчилгээний тасгуудын ачаалал нэмэгдэж байдал хүндэрчээ. 11 дүгээр сар гарснаас хойш Италид эмнэлэгт хүргэгдсэн хүний тоо хоёр дахин нэмэгдэж, одоогоор 33 мянга орчим хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд эрчимт эмчилгээний тасгууд мэргэжлийн хүн хүчний дутагдалд оржээ. Харин Швейцарын эмч нар улсынх нь эрчимт эмчилгээний бүх тасаг бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа бөгөөд сул орон байхгүй болсон гэж мэдээлж байна.

Унгарт өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан тус улсад тогтоосон онцгой байдлыг хоёрдугаар сарын 8-ныг хүртэл сунгажээ. Гэхдээ 20:00-05:00 цагийн хооронд тогтоосон хөл хорио, зайны сургалтыг 12 дугаар сарын 10-наас цуцлах төлөвтэй байна.

Португалын эрх баригчид өнгөрсөн долоо хоногоос хэрэгжиж байгаа онцгой байдлын дэглэмийг сунгахаар төлөвлөж байгаагаа мэдээлжээ. "Ойрын хоёроос гурван долоо хоногт хоёр дахь давлагаа өндөр хэвээр байна" гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Марта Темиду мэдэгдсэн байна. Португалд тогтоосон онцгой байдлын дэглэмийг 11 дүгээр сарын 23-нд цуцлахаар төлөвлөж байжээ.

Харин олон хоногийн турш хүнд байдалтай байсан Бельги улсад сүүлийн өдрүүдэд халдварын байдал буурах хандлага ажиглагджээ. Тус улсын эрх баригчид болон шинжээчид үүнийг хязгаарлалтын хатуу арга хэмжээ авсантай холбон тайлбарлаж байна.

Францын Засгийн газар хязгаарлалтын арга хэмжээгээ цуцлахгүй гэдгээ мэдэгдэв. “Вирусийг ялан дийлэн болоогүй байгаа учир бид вирусийг ялах хүртэл хязгаарлалтын нөхцөлд амьдрах ёстой” гэж тус улсын сайд нарын танхимын албан ёсны төлөөлөгч Габриэль Атталь мэдэгджээ.