<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ УИХ-ын гишүүн Ш.Адьшаа хорио цээрийн дэглэмийг чандлан сахиж, эрүүл мэндээ хамгаалахыг уриалав
featured

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа хорио цээрийн дэглэмийг чандлан сахиж, эрүүл мэндээ хамгаалахыг уриалав

 Сайн байцгаана уу?

Элэг, эх орон нэгт Монголчууд, унасан газар, угаасан ус нэгт нутгийн зон олон та бүхэн минь сайхан өвөлжиж байна уу?

Өнөөдөр дэлхий даяар хөл хориход хүргэж, хүн хоорондын зай барьж, алхам тутамдаа хувийн ариун цэвэр сахиж байхад хүргээд буй “Ковид-19” цар тахлыг манай улс дотооддоо алдаж хүнд нөхцөл байдал үүсээд байна.

Ийм учраас Монгол Улсын Засгийн газраас ирэх 12 дугаар сарын 1 хүртэл хатуу хөл хорионы дэглэм тогтоосон. Төр засгаас гаргасан хатуу, чанд шийдвэрийг улс орон даяар хэрэгжүүлэхэд 5000 гаруй албан хаагч цаг наргүй хяналт тавин ажиллаж байна. Энэ хүмүүс монгол хүн бүрийн эрүүл мэндийн төлөө хичээнгүйлэн хөдөлмөрлөж байгаа бөгөөд аюулт цар тахал цаашид тархахаас сэргийлж, өргөсөн тангаргийнхаа дагуу зүтгэж байна.

Бидний төлөө сэтгэл зүрх гарган ажиллаж байгаа эдгээр албан хаагчдынхаа итгэл, зүтгэлийг бодож иргэн бүр хариуцлагатай байж, хатуу хөл хорионы дэглэмээ чанд баримтлахыг нутгийн зон олноосоо хүсч байна. Та бүхнийг төр засгийнхаа гаргасан шийдвэрийг хүндэтгэж хүнс, эм тариа худалдан авах, эмнэлэгт хандахаас бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байж, хорио цээрийн дэглэмийг чандлан сахих зөвлөмжийг дагаж байгаа гэдэгт итгэж байна. Яг энэ онцгой цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цар тахлын үед иргэн, өрх, аж ахуйн нэгжийг эрсдэлээс хамгаалах асуудлаар Ерөнхий сайдад албан бичиг хүргүүлсэн нь цаг үеэ олсон, зөв зүйтэй алхам гэж миний бие үзэн, дэмжиж байгаа билээ.

Хатуу хөл хорио тогтоосон учраас олон аж ахуйн нэгж, албан байгууллагын үйл ажиллагаа зогсож, зарим нь бүр хаалгаа барьж, тэнд ажиллаж байсан олон зуун иргэд ажлын байраа алдаж, цалин орлогогүй болоод байгаа. Тиймээс улсын Ерөнхийлөгч эн тэргүүнд, айл өрх бүрийг тухайлан дэмжсэн, бодит дэмжлэг, туслалцаа болох тусгай бодлогыг гаргаж хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн бөгөөд үүний хүрээнд төрөөс өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн дотор хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг (ваучер) олгох хэрэгтэй гэж үзсэн юм.

Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын зүгээс үүнд анхаарч, шийдэмгий арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэдэгт ч миний бие бат итгэж байна. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын засгийн газраас тусламж анхаарал шаардлагатай хүн ам, айл өрхийг дэмжих мөнгөн тэтгэлэг өгөх, хүнсний багц гаргах гэх мэт цар тахлын хүнд үеийг даван туулах 23 төрлийн ажил санаачлан хэрэгжүүлж байгааг, холбогдох яам тамгын газар, төр захиргааны байгууллагыг онцгой цаг үеийн бүтэц зохион байгуулалтад оруулж түргэн шуурхай ажиллуулж байгааг, УИХ цахимаар хуралдаж, цаг үеийн асуудлыг цаг алдахгүй яаралтай шийдэж байгааг, УИХ-ын дарга Монгол банкны удирдлагатай зөвшилцөж, зээл, хүүгийн асуудлыг судлан, иргэд аж ахуйн нэгжид хүндрэл учрахгүй байх зөв шийдэл олох үүрэг өгсөн гэх мэтээр төрийн зүгээс иргэдийнхээ төлөө хичээн ажиллаж буйг иргэн бүхэн ойлгож байгаа гэдэгт итгэж байна.

Төр иргэн хоёр нэг зүгт харж, эх орон, элгэн саднаараа эрүүл энх байх нэг зорилгын төлөө чадах, мэдэх бүхнээ хийх онцгой цаг үе та бидний өмнө ирээд байна. Иргэний үүргээ биелүүлж, эх орон нэгт Монгол ахан дүүсээ эрсдэлд оруулахгүй байж, төр засгийнхаа үйл ажиллагааг хүндэтгэн хүлээн авч, ойлгон дэмжиж, ковид-19 тэй хамтран тэмцэж буй хүн бүрт баярлаж, талархаж буйгаа илэрхийлье. Эх орныхоо ирээдүй, иргэн бүрийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахаар зүтгэж яваа эмч, сувилагч, асрагч болоод ОБЕГ-ынхан, цэрэг, цагдаа нартаа чин сэтгэлээсээ баярлаж буйгаа хэлмээр байна. Иргэд ээ! Өвчин зовлон л биш бол өнөө маргаашийн өр шир, өөр бусад шийдэж болох асуудлаа түр хойш тавьж эрүүл саруул, элэг бүтэн байх гэдэг хамгийн эрхэм нандин, үнэ мөнгөөр хэмжих боломжгүй амь нас, эрүүл мэндээ онцгой анхаарахыг та бүхнээсээ хүсье.

Энэхүү цар тахал бол агаар дуслын замаар халдварладаг, үхлийн аюултай вирус. 2020 оны 11 дүгээр сарын 19-ний байдлаар дэлхий дахинд “COVID-19” халдварын тохиолдлын тоо 56 сая 554 мянга давж, эдгэрсэн хүний тоо 39 сая 348 мянгад хүрлээ.

Харин манай улсын хувьд дотооддоо батлагдсан 72 тохиолдол болж нийт батлагдсан 505 тохиолдол болов. Эндээс эдгэрсэн 329 хүн, ажиглалтад 17 хүн, гэрийн ажиглалтад хоёр хүн, ажиглалт дууссан 310 хүн, нутаг буцаасан долоон хүн байна. Халдвартын клиникт 169 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна. Үүнээс нэг хүний биеийн байдал хүнд, 35 хүний биеийн байдал хүндэвтэр, 126 хүний биеийн байдал хөнгөн байна. ХӨСҮТ-д 166 хүн ажиглалтад байна. Энэ бол цөөн хүн амтай манай улсын хувьд том тоо. Нөхцөл байдал ийн хүндэрч байгаа учраас иргэн таныг хайртай бүхнээ хамгаалж гэртээ байхыг сануулаад байгаа юм.

Та бидний төлөө эрүүл мэндийн салбарынхан туйлдатлаа ажиллаж, онцгой байдал, цэрэг цагдаа, төрийн албан хаагчид яаж зүтгэж байгааг, эмч, эмнэлгийн ажилтнууд маань халдвар авч эхэлж байгааг бид сонсож байна. Тиймээс УИХ-ын гишүүний хувьд, тэр тусмаа хөдөө орон нутгаас сонгогдож, Ховдчуудынхаа итгэлийг өвөртлөн төр түшилцэж яваагийнхаа хувьд та бүхэндээ хандаж ийн үзэг цаас нийлүүлж сууна. Манай улс бол цаг агаарын эрс тэс уур амьсгалтай, энэ сарын 22-27-нд улс орон даяар цасан шуурга шуурч, цаг агаар онцгой хүйтэрнэ гэсэн мэдээ аваад энэ аюулт цар тахал хумигдах нь ээ гэж билэгшээн бодож сууна. Монгол хүн бүр л ийн билэгшээж буй гэдэгт итгэж байна. Малчид маань өвөлжөөндөө тухлаад, өвс тэжээлээ базаачихсан байх. Энэ тухай би нэлээд эртнээс сануулж хэлсэн. Одоо харин өвлийг өнтэй давах л үлдлээ. Баг, сум, аймаг, хот гээд олны хөл хөдөлгөөнтэй газарт амьдардаг бол “гэрээсээ цахимаар ажил төрлөө амжуулж, гэр бүл үр хүүхдэдээ цаг заваа зориулж, эрүүл саруул байхын төлөө” бүхнээ зориулаарай сонгогч түмэн, нутгийн зон олон минь. Энх амгалангийн цаг удахгүй ирнэ ээ. Эх орон Монголоороо элэг бүтэн үлдэж, инээд баяртай уулзалдахын ерөөл өргөе.

Хүндэтгэсэн УИХ-ын гишүүн Ш.Адьшаа. 2020.11.19