<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ “CoronaVac” вакцины эмнэлзүйн туршилтууд амжилттай болжээ
featured

“CoronaVac” вакцины эмнэлзүйн туршилтууд амжилттай болжээ

 Дахин халдварлах боломжгүй болгож идэвхгүйжүүлсэн коронавирусний бичил биетнээр хийсэн вакцин болох БНХАУ-ын “CoronaVac” вакцины аюулгүй байдал, үр нөлөөг шалгах нэг, хоёрдугаар шатны эмнэлзүйн туршилт амжилттай болжээ. Туршилтад 700 гаруй эрүүл хүн сайн дураар оролцсон байна. Хятадын эмч нарын туршилтын үр дүнг “Lancet Infectsious Diseases” сэтгүүлд нийтэлжээ.

“CoronaVac” вакциныг хоёр долоо хоногийн зайтай хоёр удаа тариулснаас нэг сар орчмын дараа дархлааны хариу урвалыг маш сайн өдөөсөн. Энэ нь тахал өвчний үед хүн амыг хамгаалахад уг вакциныг ашиглах боломжтойг харуулж байна. Цаашид вакцинжуулалтын үр дүнг дээшлүүлэхийн тулд тарилга хоорондын зайг нэг сар хүртэл нэмэгдүүлэх боломжтой боловч үр нөлөөг нь хараахан үнэлэх боломжгүй байна" гэж БНХАУ-ын Жэжян мужийн Ханжоу хотын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн профессор Жу Фэнцай мэдэгдсэн байна.

Хятадын биотехнологийн “Sinovac” компанийн бүтээсэн “CoronaVac” вакцин нь “SARS-CoV-2” вирусний идэвхгүйжүүлсэн бичил биетнээр хийсэн хувилбар юм. Хятадын биологичид ийм вирусийг их хэмжээгээр үйлдвэрлэж сурчээ. Эрдэмтэд вакцины аюулгүй байдлыг хулгана, сармагчин дээр шалгасан юм. Профессор Жу Фэнцай болон түүний багийнхны хэлж байгаагаар, эмнэлзүйн эхний шатны туршилтуудыг энэ оны дөрөвдүгээр сарын дундуур болон тавдугаар сарын эхээр эхлүүлжээ. Эдгээр туршилтын үеэр эрдэмтэд аюулгүй байдал, үр дүнг нь зэрэг үнэлжээ. Туршилтад 700 гаруй хүн оролцсон байна. Тэдэнд вакциныг хоёр эсвэл дөрвөн долоо хоногийн зайтай хоёр тунгаар хийжээ.

Идэвхгүй болгосон вирусний тарилгыг сайн дурынхан сайн тэсвэрлэж, вакцины эхний тунг хийснээс хойш 28 хоногийн дараа өндөр болон бага тунгийн аль алинаар нь тариулсан ихэнх сайн дурынханд дархлааны хариу урвал үүсссэн байна. Харшил даамжирсан нэг тохиолдлыг эс тооцвол бүх тохиолдолд эрдэмтэд толгой өвдөх, вакцин тарьсан хэсэгт шатаж байгаа мэт халуун оргих зэрэг гаж нөлөөг л бүртгэжээ.

Ажиглалтын явцад сайн дурынхны дийлэнхэд нь коронавирусний эсрэг биет үүссэн боловч хоёр дахь тунг 28 хоногийн зайтай хийлгэсэн хүмүүст илүү олон тоогоор үүссэн байна. Өөр нэг тохиолдолд эсрэг биетийн концентрац нь халдвараар өвчлөөд эдгэрсэн хүмүүсийн биед үүссэн концентрацаас арай бага байв. Эдгээр молекулууд нь вирусийг бүрэн саармагжуулж, сайн дурынхныг “COVID-19”-ийн халдвараас хамгаалахад хангалттай байсныг профессор Жу Фэнцай онцолжээ.

Эрдэмтдийн тайлбарлаж буйгаар, “CoronaVac”-ийн гол давуу тал нь энэхүү вакциныг томуу болон бусад өвчний вакцин шиг ердийн хөргөгчид хадгалж болохоос гадна гурван жил хадгалах боломжтой учир ирээдүйд “COVID-19”-ийн гэнэтийн дэгдэлт гарах үед энэ вакциныг ашиглах, дараа нь дэлхий даяар тархахаас урьдчилан сэргийлж чадах аж.